Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрээний биелэлтийг хялбараар шийдвэрлэх нь

ikon.mn
2024 оны 3 сарын 25
IKON.MN
зураг
 

Нотариатын мэдэгдэх хуудасны талаар Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч, хууль зүйн ухааны доктор Ч.Баянжаргалтай ярилцлаа. 

- Нотариатын тухай хуульд эдийн болон эдийн бус хөрөнгийг гаргуулахаар төлбөр авагчийн хүсэлтээр нотариатч мэдэгдэх хуудас үйлдэнэ гэж заасан байдаг. Мэдэгдэх хуудас гэдэг нь юу вэ? Иргэд ямар тохиолдолд хэрэглэх вэ?

- Иргэн, хуулийн этгээд хамтран ажиллахдаа гэрээний үүргээ үл маргах журмаар биелүүлэхээр тохиролцон гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулснаар мэдэгдэх хуудас бичүүлэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл төлбөр авагчийн хүсэлтээр нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн нотариатч мэдэгдэх хуудас бичдэг.

Нотариатын мэдэгдэх хуудас нь төлбөр төлөгчид төлбөр төлөх боломжит хугацаа олгодог давуу талтай.

Гэрээний талууд нотариатын мэдэгдэх хуудас бичүүлэх үедээ нотариатчийн ажлын байранд хамт очиж, үүрэг гүйцэтгэх хугацааг харилцан тохиролцож тогтоох нь төлбөр төлөгчид олгож буй боломж юм.

Нөгөө талаас нотариатын мэдэгдэх хуудсыг бичүүлэхээр төлбөр төлөгч хүрэлцэн ирэх нь анх байгуулсан хэлцэл, төлбөрийг нотолсон баримтыг хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл болохоос гадна талуудын хооронд маргаангүй гэдгийг нотолж буй юм.

Харин төлбөр төлөгч мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэдий ч төлбөрөө бүрэн төлөөгүй тохиолдолд төлбөр авагч нь түүний оршин суугаа газрын харьяа шүүхэд хандана. 

Мэдэгдэх хуудсыг шүүх ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор баталгаажуулж, гүйцэтгэх хуудас бичих бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу төлбөр төлөгчөөс мөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийг гаргуулж авах боломж бүрддэг.

- Ямар нөхцөлд мэдэгдэх хуудас бичдэг вэ? Анхаарах асуудлын талаар хэлж өгнө үү?

- Гэрээний талууд үл маргах журмаар буюу төлбөр төлөгчөөс төлбөр авагчид төлбөр төлөх нь маргаангүй гэдгийг нотолж байгаа эсэх, нэхэмжлэл гаргах эрх үүссэнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн эсэхийг харгалзан үзнэ. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээ хэлцэл, төлбөрийг нотолсон баримт болон гэрээний үүргээ хэрхэн гүйцэтгэсэн талаарх баримтыг үндэслэнэ. Жишээ нь: Зээлийн гэрээний хувьд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлдүүлэгч мөнгөө зээлдэгчид шилжүүлж өгсөн, зээлдэгч зээлээ хэсэгчлэн төлсөн баримт гэх мэт. Эдгээр баримт нь талуудын хооронд гэрээний харилцаа бий болсныг, үүргээ хэрхэн биелүүлснийг нотолно.

- Иргэдэд илүү ойлгомжтой мэдээлэл өгөхийн тулд та жишээгээр тайлбарлана уу?

- Нотариатын мэдэгдэх хуудсыг шүүхээр баталгаажуулсан нэгэн жишээ дурдвал: Иргэн О болон Л нар 2023 оны 03 сарын 05-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, уг гэрээгээр О нь Л-д 3,150,000 төгрөгийн төлбөр төлөх, төлөхгүй бол үл маргах журмаар төлбөрийг О-с гаргуулахаар харилцан тохиролцож нотариатаар гэрчлүүлжээ. Гэвч О заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй байна.

Талууд үл маргах журмаар гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн тул төлбөр авагч Л-ийн хүсэлтээр нотариатч мэдэгдэх хуудас бичиж, төлбөр төлөгчид хүргүүлсэн.

Төлбөр төлөгч О нь мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч, түүнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул шүүх төлбөр авагч Л-ийн хүсэлтийг үндэслэн нотариатын мэдэгдэх хуудсыг шүүгчийн захирамжаар баталгаажуулж, албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн.

Энэ нь маш энгийн бөгөөд цаг хугацаа хэмнэсэн баримт бичиг болох нь дээрх жишээнээс харагдаж байна.

- За баярлалаа. Ойлгомжтой юм байна.

зураг
 

- Мэдэгдэх хуудас нийгэмд хэрхэн эергээр нөлөөлнө гэж харж байна вэ?

- Нотариатын баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, бодит үнэнийг тогтооход хэрэглэдэг шүүхийн практик нэгэнт тогтсон. Нэгэн судалгааг сонирхуулахад 2020 онд Монгол Улс Дэлхийн банкны “Шүүхийн үйл ажиллагааны чанарын индекс”-ээр 15.6 сая төгрөгийн нэхэмжлэлийг шийдвэрлэхэд 374 хоног 22.9%-ийн зардал, зээлийн гэрээний маргаан шийдвэрлэгдэх дундаж хугацаа 6.2 жил байгааг тооцоолсон байдаг. Үүнээс үзвэл иргэд шүүхэд хандах гэхээсээ илүү нотариатын мэдэгдэх хуудсыг хэрэглэснээр хугацаа, зардал хэмнэх, шүүхийн ачааллыг бууруулах олон талын ач холбогдолтой гэдэг нь харагдаж байна.

Мөн шүүх нь “ээдрээ, төвөг багатай хэрэг, маргааныг чирэгдэл багатай, бага хугацаанд шийдвэрлэх арга замыг бий болгох...” бодлого баримталдаг.

Тус бодлогыг хэрэгжүүлэх аргын нэг нь нотариатын мэдэгдэх хуудас юм.

- Өмнөх нийгмийн үед мэдэгдэх хуудсыг хэрэглэж байсан уу?

- Тиймээ. Өргөн хүрээнд хэрэглэдэг байсан. Тухайлбал, номын сангийн уншигч номыг гэмтээж, нөхөн төлөөгүй тохиолдолд нотариатын мэдэгдэх хуудас бичиж, албадан төлүүлдэг байсан гээд олон жишээг дурдаж болно.

Манай улсад анх БНМАУ-ын Засгийн газрын 1931 оны 03-р сарын 27-ны өдрийн хуралдаанаар батлагдсан Монгол Ард Улсын Нотариатын тухай дүрэмд “Аливаа бат баримт болох бичиг хуудаснууд дээр гүйцэтгүүлэх тэмдэглэл тушаалыг үйлдэн  олгох” гэж зааснаас хойш 93 жилийн хугацаа өнгөрчээ.

2021 онд 31, 2022 онд 72, 2023 онд 278, 2024 оны эхний улирлын байдлаар 35 мэдэгдэх хуудас бичсэн нь иргэдийн эрх зүйн мэдлэг нэмэгдэж, мэдэгдэх хуудасны хэрэглээ өсөж буйг илтгэнэ.

Олон Улсын Нотариатын Холбооны гишүүн орнуудад гүйцэтгүүлэх хүчин чадалтай “аутентик акт”-ын нэг төрөл болох нотариатын акт үйлдэх, түүнийг үндэслэн үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан хангуулах нь түгээмэл байдаг.

Жишээлбэл: Казахстан Улсын тухайд 2016 оноос эхлэн маргаангүй 6 үйлдэлд гүйцэтгэх хуудас бичиж эхэлсэн бөгөөд 2019 оны хуулиар хүрээг нь өргөжүүлсэн.

2021 оны байдлаар Казахстан Улсад нийт 1,277,195 гүйцэтгэх хуудас үйлдэгдэж, 98,15%-н гүйцэтгэлтэй хэрэгжсэн байна.

- Мэдэгдэх хуудасны хэрэглээг өргөжүүлэхээр ямар ажил хийж байгаа вэ?

2023 оны 11 сарын 24-ний өдөр Монголын Хуульчдын холбооны Нотариатчдын хөгжлийг дэмжих хорооноос санаачлан Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Өмгөөллийн Легал Полиси ХХК-тай хамтран “Нотариатын мэдэгдэх хуудас шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл болох нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Тус хэлэлцүүлэгт шүүгч, өмгөөлөгч, нотариатч, шийдвэр гүйцэтгэгч, хуульч, судлаачид, аж ахуй нэгжийн төлөөлөл 60 гаруй оролцогчид өөрсдийн санал бодлоо хуваалцсан. Үүний үр дүнд гарсан санал, зөвлөмжийг 2024 оны нэгдүгээр сард холбогдох байгууллагад хүргүүлсэн.

зураг
 

Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Нотариатын мэдэгдэх хуудас”-ыг иргэдэд таниулах, олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор контент, ярилцлага, постер бэлтгэн хүргэж байна.

Иргэд нотариатын мэдэгдэх хуудсыг хэрэглэж хэвшсэнээр шүүхийн ачаалал буурахаас гадна цаг хугацаа, зардал мөнгө хэмнэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Эрх зүйн зөвлөгөөг иргэн бүрд
Монголын Нотариатчдын танхим