ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс 100 мянган тонн улаан буудай, 20 мянган тонн үр худалдан авна

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 8
iKon.MN
Манай улс энэ жил 100 мянган тонн улаан буудайг гаднаас худалдан авна

Манай улс энэ жил 100 мянган тонн улаан буудайг гаднаас худалдан авахаар болсон. Энэ асуудлыг ҮХААЯ Төсвийн байнгын хороонд тавьж, байнгын хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлүүлсэн билээ.

Энэ талаарх мэдээллийг ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, ГТБХЗГ-ын дарга Ц.Рэнчинсэнгээ нар  сэтгүүлчдэд өнөөдөр өглөө.

Улаан буудайн дундаж ханш дэлхийн зах зээл дээр 250 доллар байгаа бол манай улсын голлон худалдаа хийдэг ОХУ, Казакстанд 210 доллар, Хойд Америкт 248 доллар байгаа аж. Мэдээж үүн дээр тээврийн зардал нэмэгдэхээр тодорхой хэмжээгээр үнэ өсөх нь ойлгомжтой.

Улсын хэмжээнд 370-380 маянган тонн буудай шаардлагатай

Харин манай улсын хувьд улаан буудайн үнэ тонн тутамдаа 320-420 мянган төгрөгт хэлбэлзэж байна. Гэхдээ тариаланчдын дийлэнх 360 мянган төгрөгөөр худалдаалж байгаа тухай ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал дурдлаа.

Түүнээс дараах зүйлсийг топрууллаа.

-Өнгөрсөн жил манай улс улаан буудайг экспортод гаргана гэж ярьж байсан. Гэтэл энэ жил импортоор 100 тонныг авна гэж байна. Ямар шалтгаанаар ийм шийдвэрт хүрчих вэ?

-Өнгөрсөн жил манай улсад гурилын гурван шинэ үйлдвэр үүдээ нээлээ. Түүнчлэн 2012, 2013 онд улаан буудайн хураалтад өсөлт гарсангүй. Үүнээс үүдэн улаан буудайн хэрэгцээ жилд 50-100 тонноор дутаж байна.

ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, ГТБХЗГ-ын дарга Ц.Рэнчинсэнгээ нар

Наймдугаар сараас хойш нэлээд их бороошиж, буудайн болц удааширсан. Ингэж байтал залгаад хоёр, гурван удаагийн цас орж, тариаланчид буудайгаа цасанд даруулсан нь нэлээд хэмжээний буудай алдахад хүргэсэн.

Мөн үндэсний үйлдвэрүүд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасны дараа улаан буудайг экспортод гаргах хүсэлт тавьсан.

-Ирэх жил бас улаан буудай импортлох уу?

-Яг худалдан авна гэсэн төлөвлөгөө бол байхгүй байгаа. Удахгүй бид тариаланчидтайгаа уулзалт зохион байгуулах гэж байна. Энэ үеэр тус асуудлыг хэлэлцэх болно.

-Дотоодын хэрэгцээнд нийт хэчнээн тонн буудай шаардлагатай байгаа вэ. Одоогоор хэчнээн тонныг бэлдээд байна?

-Улсын хэмжээнд 370-380 маянган тонн буудай шаардлагатай. Одоо нөөцөд 270 мянга байна. Иймээс гаднаас 100 тонныг авах гэж байгаа юм.

-Ирэх жил улаан буудайн ургацыг нэмэгдүүлнэ гэлээ. Үрийн нөөц хэр байгаа вэ?

-Тариаланчид үрээ авч үлдсэн байгаа. Мөн худалдан авах 100 мянган тонн буудайн дээр нэмж 20 мянган тонн үр авахаар болсон.

-Гурилын үнэ кг тутамд 100 төгрөгөөр нэмэгдсэн. Цаашид тогтвортой байх боломж бий юү?

-Аль болох тогтвортой байгахыг яамны зүгээс баримталж, ажиллаж байна. Гэхдээ улаанбуудайн импортод хөнгөлөлт үзүүлэхгүй бол боломжгүй юм. Улсаас зургаан тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх боломж байгаа.