ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Цэндсүрэн: Боловсрол бол гэр бүл, хүүхдийн хамтын ажиллагааны үр дүн

ikon.mn
2024 оны 3 сарын 14
IKON.MN

НҮБ-ын Хүүхдийн Сан нь Монгол улсад хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хөгжлийн байгууллагуудыг манлайлан Монгол улсын боловсролын салбар дахь цахим шилжилтийг дэмжин ажиллаж байна.

Тэдний хэрэгжүүлж буй хөтөлбөр үйл ажиллагаа, цахим контентын талаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн, доктор Т.Цэндсүрэнтэй ярилцлаа.

зураг
 

- Танд энэ өдрийн мэндийг хүргэе. НҮБ-ын Хүүхдийн Сан Монгол улсын боловсролын цахим шилжилтийг хэрхэн дэмжиж байгаа тухай ярилцлагаа эхлүүлье.

- Танд болон уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол улсын боловсролын салбарын тэргүүлэх зорилтуудын нэг бол хүүхэд бүрд хүртээмжтэй, чанартай боловсролыг олгох тухай байдаг. Өнөө цагт боловсролын үйлчилгээний чанар, үр өгөөж нь хүүхэд, түүний гэр бүлийн нөхцөл, нийгмийн орчинд нийцтэй байдал болон хүүхдийн хөгжлийн хэрэгцээг хангахуйц хэлбэр, арга зүйгээр тодорхойлогдох болсон.

Тухайлбал, алслагдсан орон нутагт гэр бүлд суурилсан үйлчилгээний хэлбэр нийцтэй байхад, хот суурин газарт цэцэрлэгийн үйлчилгээ зонхилж, харин интернэт, мэдээлэл харилцааны технологийг ашиглах боломжтой бүс нутаг, гэр бүлд зайн, цахим сургалт илүү үр өгөөжтэй гэдгийг сүүлийн жилүүдийн туршлага харуулж байна. Ялангуяа 2020-2022 онд улс оронд үүссэн нөхцөл байдлын улмаас цахим сургалтын хэлбэр, арга зүй, технологийг боловсролын үйлчилгээнд өргөнөөр ашиглах болсон. Энэ нь манай боловсролын салбарын цахим шилжилтийг хурдасгасан гэж хэлж болно.

Тиймдээ ч НҮБ-ын Хүүхдийн Сан, Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ) болон түүний харьяа байгууллагууд, Боловсролын ерөнхий газар, Боловсролын хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх замаар боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой контентуудыг мэргэжлийн байгууллага, холбогдох талуудтай хамтран боловсруулж байна. Өнөөдрийн байдлаар бид сургуулийн өмнөх болон бага боловсролын түвшинд зориулан “Цахим аялал” нэртэй 180 интерактив контент, “Эрдмийн долгион” нэртэй адал явдалт 90 цуврал аудио контент буюу сонсох хичээлийг бүтээгээд байна.  Мөн 2024 онд 1-р ангийн математикийн шинэ 25 интерактив хичээл бүтээхээр ажиллаж байна.

- Та “Цахим аялал” интерактив контентын онцлог, давуу талыг бидэнд тайлбарлаач.  Хүүхэд багачууд яагаад энэ хичээлээр хичээллэх хэрэгтэй юм бэ?

зураг
 

- Интерактив гэдгийг энгийнээр тайлбарлавал “зүгээр үз” гэсэн үг биш. Өгч, авч байж суралцдаг суралцахуйн суурь мөн чанарыг тодотгосон, үүнд суурилдаг юм. За онцлог, давуу талын тухайд гэвэл интерактив хичээлийг бүтээхдээ боловсролын салбарын, хүний хөгжлийн, хүүхэд судлалын судлаачдын судалгаа, үзэл баримтлалд үндэслэн хүүхдийн онцлогт тохируулан бүтээсэн. Мөн мэдээлэл харилцааны технологийн дэвшлийг ашиглаж хүүхдэд тоглонгоо суралцах, туршиж суралцах боломжийг бий болгосон. Сургуулийн өмнөх болон бага ангийн сурагчдын агуулгын хоцрогдлыг арилгахад хувь нэмэр оруулахуйц болсон.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн боловсрол, үндэсний өв соёл, уламжлал, тэгш хамруулан сургах тухай агуулгуудыг ч хичээлүүддээ шингээж өгсөн.

Жишээлбэл, цаг уурын өөрчлөлт хүүхдийн амьдрал, гэр бүлд нь, тухайн амьдарч байгаа орон нутагт нь хэрхэн нөлөөлж байгааг, үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхэд юу хийж чадах тухай нь интерактив контентоор дамжуулан ойлгуулж байна. Мөн тогтвортой хөгжлийн боловсролыг ч хүүхдэд зааж байгаа. Энэ хэдий бага насны хүүхдэд зориулсан контент юм шиг боловч хүүхэдтэйгээ хамт суугаад хичээллэж байгаа томчуудад ч нөлөөлж тэдэнд ойлголт, туршлага, зан үйлээ өөрчлөх боломжийг олгож байгаагаараа онцлогтой. 

Бас дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол интерактив контентдоо Монгол Улсын боловсролын салбарын зорилтууд, эн тэргүүнд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэж болохуйц шийдлийг оруулж өгсөн. Цахим контентууд маань хүүхдийн хэл ярианы хөгжил, ойлгож унших, сонсох чадварыг дэмжиж, хөгжүүлдэг. Саяхан PISA 2022 үнэлгээгээр 15 настай Монгол хүүхдүүдийн 64 хувь нь эхийг уншиж ойлгох чадвар эзэмшээгүй байна, үнэлгээ харьцангуй доогуур үзүүлэлттэй байна гээд л ярилаа шүү дээ. Тэгвэл үүнийг сайжруулах, ойлгож унших чадварыг хүүхдэд суулгах арга интерактив контентод бий. Интерактив хичээлээр хичээллэх явцдаа хүүхэд өгөгдсөн дасгал даалгаврыг гүйцэтгэж, тоглоомоо тоглохын тулд зааврыг сайн ойлгох хэрэгтэй болдог. Зааврыг ойлгоогүй тохиолдолд тоглож чадахгүй, цаашаа ахихгүй, дараагийн түвшинд очихгүй. Энд хүүхдийн ойлгож унших чадвар хөгжиж байгаа юм.

зураг
 

Давуу талын тухайд интерактив контент, аудио контентуудыг танхимын сургалтад ч ганцаарчилсан, зайн, цахим сургалтад ч тохируулан ашиглаж болно. Интерактив контентуудаа сонгомол байдлаар аймаг сумдад туршаад явж байна. Энэ туршилт судалгаа болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр БШУЯ болон мэргэжлийн байгууллагуудын гаргаж байгаа завсрын үр дүнгээс харахад бидний бүтээсэн энэ интерактив контент нэг талаас багшийг дэмжиж байна. Нөгөө талаас хүүхдийг аав ээж, ах эгч, асран хамгаалагчтайгаа хамтран гэр бүлээрээ суралцахад нь буюу хамтын суралцахуйг дэмжиж байгааг онцлон тэмдэглэмээр байна.

Мөн хүүхэд “Цахим аялал” интерактив хичээлээр хичээллэхдээ дэлгэцээ зүгээр ширтээд суудаггүй. “Цахим аялал”-ын баатруудтай харилцан, хамтран суралцдаг. Мөн сурагчдад, ялангуяа сургуулийн өмнөх насныханд багш эсвэл эцэг эх нь тусалж, зааврыг нь уншиж өгнө, мэдэхгүй чадахгүй зүйл гарвал түүнийг нь тайлбарлаж өгнө, хамтдаа тоглоно гэх зэргээр хүүхэд асран хамгаалагчийн дунд харилцаа үүсэж, цаашлаад томчууд хүүхэдтэйгээ цагийг идэвхтэй, чанартай өнгөрүүлэх боломж, нөхцөл бүрддэг. Эдгээр контент маань бага насны хүүхдийн  танин мэдэхүйн хөгжлийг дэмждэг. Тэднийг “яагаад”-ад чиглүүлдэг.  Яагаад нар гардаг юм бол? Яагаад энэ өнгө хувирчхав? Цэнхэр өнгийг яаж үүсгэх вэ? гэх асуултууд интерактив контент дээр маань гардаг. Тухайн асуултад хариулахын тулд хүүхэд сонсоно, ажиглана, дүгнэнэ, дараа нь сонголтоо хийнэ, сонголтынхоо дагуу товчлуур дарна гэх мэтээр өөрөө үйлдэл хийдэг. Ингэж хүүхэд өөрөө оролцож, үйлдэж, суралцдагаараа давуу юм.

зураг
 

Энэ ялдамд хүүхдийн төсөөлөн бодох, сэтгэх чадварыг хэрхэн хөгжүүлж байгааг тайлбарлая. Манай  интерактив контент бүр дээр цахим аялагчдад (Айдо, Мидо, Кидо) ямар нэг асуудал тулгардаг. Тэд асуудлаа шийдэхдээ Монгол хэл, Математик, Хүн ба орчин хичээлүүдийг ашигладаг. Жишээлбэл, сансрын хөлөг гэнэт зогсчихлоо. Хөлгийг цааш явуулахын тулд цахим аялагчид тоо бодох хэрэгтэй болно. Тэр үед тухайн контентийг үзэж байгаа хүүхэд өөрийн төсөөлөлдөө тэдний нэг болоод тэдний дүрд ордог.  Тэгээд өнөө сурагч баатрууддаа яаж туслах вэ, асуудлыг яаж шийдвэрлэх вэ? гээд бодож, үйлдэл хийж эхэлдэг.

Наанаа их энгийн мэт харагдаж болох юм. Гэвч үүний цаана хүүхдийн төсөөлөн бодох, сэтгэх чадвар хөгжиж байгаа. Интерактив контентын бас нэг давуу талыг яг өнөөдрийн нөхцөл байдалтай холбоё. Өвөлжилт хүндэрч зуд болчихсон аймгууд нэлээдгүй байна. Зуд боллоо, зам хаагдлаа. Хүүхэд сургуульдаа, дотуур байрандаа ирэх боломжгүй боллоо.

Гэтэл боловсрол гэдэг өөрөө тасралтгүй байх хэрэгтэй. Ялангуяа бага насны хүүхэд олон давталттайгаар хүлээн авч байж илүү амжилттай суралцдаг.

Тэгэхгүйгээр, ингээд тодорхой хугацааны алдагдал, завсар гарах тусмаа сурахад бэрхшээл нэмэгдэж байдаг. Тэгвэл энэ бэрхшээлээс сэргийлж, эсвэл үүнийг арилгахын тулд гэрээсээ интерактив хичээлээр хичээллэж, суралцаж болно. “Цахим аялал” интерактив контент маань хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зорилготой. Бид хичээлүүдээ сонсголын болон харааны бэрхшээлтэй, хөгжлийн онцлогтой хүүхдүүдэд тохируулж хөрвүүлсэн. Мөн үндэсний цөөнх казах, тува хүүхдүүдэд ч төрөлх эх хэлээрээ суралцах боломжийг нь бүрдүүлж өгсөн.

- “Эрдмийн долгион” аудио контентыг дэлгэрүүлэн танилцуулбал?

зураг
 

- НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Эрдмийн долгион” нэртэй хүүхдийн сонирхол татахуйц, адал явдалт, цуврал 90 аудио хичээлийг бүтээсэн. Үүнийгээ аудио тоглуулагчид суулган, зурагт дасгал ажлын номын хамт Монгол орны 21 аймгийн зурагт, интернэтийн сүлжээгүй, хязгаарлагдмал бүс нутагт амьдарч буй малчин өрхийн 9000 хүүхдэд түгээсэн. Хамгийн чухал нь аудио контент нь хүүхдийн үлгэр өгүүллийг сонсож ойлгох ур чадварт суурилж, сонсох чадварыг хөгжүүлдэг. Хүүхэд сонсоод сурчих юм бол тэрийгээ ойлгоно, ойлгосноо хадгална, сэргээн санана, хэрэглэнэ. Хүн танин мэдэхүйн дээд шатад хүртлээ сонсож ойлгох чадвараа ашигладаг.  Мөн математик чадварууд нь ч хөгждөг. Олон хэрэм байлаа. Гэтэл цөөн нь тэглээ ч гэдэг юм уу. Үүнийг сонсонгоо бага насны хүүхдүүд  математик үйлдлүүдийг цээжээр хийх, төсөөлөн бодох, шинжлэх, хийсвэрлэх, дүгнэх үйлд суралцаж байдаг. Тиймээс “Эрдмийн долгион” аудио контентуудыг хүүхдэдээ сонсгоорой, хичээл сургалтдаа ашиглаарай.

- Гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагчид бид хүүхдийнхээ сурах үйлийг эдгээр цахим контентоор хэрхэн дэмжих вэ?

- Шинэ Зеландад хүүхдийн хөгжлийг, ялангуяа бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд цахим технологид суурилсан контентууд, интерактив контентууд өндөр үр дүнтэй байна аа гэдгийг судалсан байгаа юм. Аа гэхдээ хүүхдийг дэлгэцээс хараат болгохгүйн тулд хүүхдэд тохирсон тодорхой цагт, хүүхдэд нийцтэй хувилбараар интерактив контентоо үзүүлж, хичээллэхийг анхааруулсныг би бас энд анхааруулах нь зүйтэй болов уу.

Таны хүүхэд өдөрт 1 цаг дэлгэц үздэг бол тэр 1 цагт нь л интерактив хичээлээ үзүүлээрэй. Интерактив контентыг яг ном уншиж байгаа мэтээр хичээллэхэд тохиромжтой.

зураг
 

Хүүхэдтэйгээ зэрэгцэж суугаад, дэлгэц дээр гарч байгаа зүйлсийг ажиглаад, харилцан ярилцаад хийгээрэй. Мөн “Цахим аялал” интерактив хичээлд маань тэр чигтээ тоглоомын арга зүй шингэчихсэн байгаа. Тиймээс хамтдаа тоглож байгаа мэтээр хичээллэвэл сонирхолтой бас үр дүнтэй. Түүнээс биш компьютероо асааж өгөөд ч юм уу, утсыг нь бариулчхаад за хийгээрэй гэж орхиж болохгүй.

Ялангуяа гурваас дээш насны хүүхэдтэй эцэг эхчүүд тодорхой цаг гаргаад, 15-20 минутыг хүүхэдтэйгээ хамт интерактив контентуудыг үзэх, хичээллэхэд зориулах хэрэгтэй. “Цахим аялал” интерактив хичээлийг олон нийтэд таниулах, хэрэглээ болгох ажлын хүрээнд сошиал хуудаснуудыг идэвхтэй хөтлөн явуулж байгаа. Жишээлбэл “Цахим аялал” фэйсбүүк хуудас дээр хичээлүүдийн маань мэдээ мэдээлэл, шууд үзэх холбоосууд тавигдаж байгаа. Тэр холбоосууд дээр дараад л хичээлүүдээ үзчихэж болно. Эсвэл www.medle.mn интерактив хичээл цэсээс үзэж болно. Өнөөдөр мэдээлэл харилцааны технологигүйгээр бид урагш алхахгүй болчихсон. Энийг хорьж болохгүй, бүр яагаад ч хорьж болохгүй. Харин зохистой хэрэглэхэд нь чиглүүлж,  хүүхдийн тань боловсролд хөрөнгө оруулахуйц интерактив, аудио контентуудыг үзүүлээрэй.

- Интерактив контентуудыг бүтээх явц ер нь ямар байдаг юм бол оо? Нэлээн том баг, өргөн хүрээтэй ажилладаг бололтой?

- Тийм ээ, интерактив контентыг дэлхийн жишигт нийцүүлж, өндөр түвшинд бүтээхийн тулд энд нэлээдгүй олон байгууллага хамтран ажиллаж байна. Нэг контентыг бүтээхэд маш их хугацаа ордог.  Процессын хувьд яривал, Боловсролын ерөнхий газрын  мэргэжилтэн, аргазүйч,  ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд ажиллаж байгаа, тэргүүлэх зэрэгтэй багш нараас бүрдсэн баг бий. Тэд маань энд нэлээн өргөн хүрээтэй, утга учиртай оролцож суралцахуйн зорилтод тохируулж хичээлийн сэдэв, агуулгыг гаргадаг. Тухайн агуулга, сэдэв тэгш хүртээмжтэй байна уу? Чанартай боловсролыг дэмжиж байна уу? Боловсролын салбарын тэргүүлэх зорилтуудыг дэмжиж байна уу? НҮБ-ын Хүүхдийн Сангийн боловсролын бодлого, стратегийг хэрэгжүүлэхэд дөхөм болж байна уу? гэдэг талаас нь НҮБ-ын Хүүхдийн Сан өөрийнхөө линзээр хараад явдаг. 

“Цахим аялал” интерактив контент, “Эрдмийн долгион” аудио  хичээлүүдийг бүтээхэд үндэсний хэмжээний боловсролын контент бүтээгч “Марчаахай” болон “Монгол контент”-ын уран бүтээлч хамт олон гүйцэтгэгчээр ажилласан. Мөн “Номадик бэйр гэймс” гээд тоглоом хөгжүүлэгч компани бий. Тоогоор илэрхийлвэл зуу орчим хүн өөр хоорондоо хамааралтай ажилладаг даа.

- НҮБ-ын Хүүхдийн Сангийн боловсролын салбарын цаашдын зорилго, төлөвлөж буй ажил, хүлээж байгаа үр дүн юу байна вэ?

- Би 3 зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт Монгол Улсын БШУЯ цахим шилжилтийг амжилттай хийж байгаагаараа дэлхийд танигдчихсан, түүчээлж байгаа. Тэр утгаараа Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дэвшүүлэн тавьж буй цахим шилжилт, цахим сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах,  цахим хэрэглэгдэхүүн  ямар байвал илүү үр өгөөжтэй, хүүхдэд  нийцтэй байх вэ гэдгийг бид харуулж, үүнд хувь нэмрээ оруулах болно. Энэ бол бидний хүлээж байгаа зүйл. Хүлээгдэж буй үр дүн ч гэж хэлж болно. Цаашид сургуулийн өмнөх болон бага боловсролын 700 орчим суралцахуйн зорилтын хүрээнд интерактив контент бүтээх хэрэгцээ шаардлага бидэнд бий. Мөн түүнчлэн суралцахуйн суурь чадамжуудыг дэмжих чиглэлээр бид ажиллана.

Хоёрдох нь хүүхдэд хүрэх боловсролын үйлчилгээний хэлбэрийг тодорхойлох. Даяаршиж байгаа энэ нийгэмд боловсролын агуулгыг олон хэлээр үзэж байгаа хүүхдүүдийн тоо жил бүр нэмэгдэнэ. Тэдэнд  цахим хэрэглэгдэхүүнийг үр дүнтэй хүргэх  хувилбарыг танилцуулж, түүнийгээ боловсролын салбарт  суулгаж өгөх. Гурав дахь нь юу вэ гэхээр чадавхыг бэхжүүлэх. Бид нэг талаас боловсролын  сургалтын цахим контент боловсруулах үндэсний контент боловсруулагчдыг дэмжиж, энэ чиглэлд  бүхэл бүтэн нэг үеийг бэлтгэж байна.

Нөгөө талаас БШУЯ тэр дундаа  хэрэгжүүлэх агентлаг, Боловсролын ерөнхий газар, Боловсролын хүрээлэн гэсэн мэргэжлийн байгууллагууд,  сургууль цэцэрлэгт ажиллаж байгаа багш нарыг бид чадавхжуулж, энэ дижитал эрин үед интерактив контентыг хэрхэн яаж хичээл сургалтдаа хэрэгжүүлж, амжилттай ахиц дэвшилтэй байх вэ гэдгийг зааж зөвлөж, чадавхжуулж байна. Цаашид ч энэ үргэлжлэх болно. За тэгээд хамгийн сүүлд нь хамгийн чухал гэсэн зүйлээ хэлье. Боловсрол гэдэг бол зүгээр нэг сургууль ч юм уу, танхим, цэцэрлэгийн асуудал биш хэдэн багшийн асуудал биш ээ. Боловсрол бол гэр бүл хүүхдийн хамтын ажиллагааны үр дүн байх ёстой. Тэгэхээр гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийнхээ суралцах ур чадварыг дэмждэг, дэмжихдээ интерактив контентыг ашигладаг байх нь биднийг хүлээж буй хамгийн чухал үр дүн.

- Та бүхний хийж байгаа ажлуудыг сонсоход түлхүү бага насныханд зориулсан байна. Тэгэхээр яагаад заавал бага нас гэж?

- Бага насны хөрөнгө оруулалт бол хамгийн өндөр эргэх ашигтай. Нобелийн шагналт нэг эрдэмтэн “6 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн хөрөнгө оруулалт нь 13 дахин өсөх боломжтой” гэсэн байдаг. Нэгэнт хүн байхын суурь нь тавигдчихсан хүнийг өөрчлөхөд хэцүү. Гэтэл өнөөдөр хөгжлийнхөө ид үе дээр явж байгаа барилгаар яривал фундамент, архитекторын ажил хийгдэж байгаа гэж хэлж болох энэ бага насанд нь хийсэн хөрөнгө оруулалт бол насан туршийнх болох юм. Тиймээс бид багагүй хөрөнгө оруулалтыг хүүхдүүдийнхээ төлөө, тэдний ирээдүйн төлөө зориулж байна.

- Хүүхдийн насан туршийн боловсролд хөрөнгө оруулж буй танай хамт олонд талархал илэрхийлье ээ. Ингээд ярилцлагынхаа сүүлийн хормыг танд үлдээе.

Ярилцах ийм боломж гарсанд таатай байна. Би НҮБ-ын Хүүхдийн Сангийн  боловсролын хөтөлбөрийн багийнхаа нэрийн өмнөөс интерактив, аудио контентуудыг бүтээхэд хамтарч ажилласан талууддаа талархал илэрхийлмээр байна. БШУЯ, түүний харьяа байгууллагууд, Боловсролын ерөнхий газар, Боловсролын хүрээлэн, МУБИС, аймаг орон нутгийн боловсролын газрууд, сургууль цэцэрлэгийн багш нар, хамт олонд маш их талархаж байна. Энэ хүртэл бид их зүйлийг хамтдаа суралцаж, хамтдаа бүтээлээ.

Мөн бидний нээлттэй сонгон шалгаруулалтад чин сэтгэлээр, зоригтойгоор, уран бүтээлчдийнхээ багаар орж ирж, хамтран ажилласан гүйцэтгэгч байгууллагууддаа баярлаж талархсанаа илэрхийлж байна. Ялангуяа сүүлийн 2 жил ур чадвар, мэдлэг туршлагаа зориулж, хамтран ажиллаж, мэргэшиж байгаа хүүхдийн уран бүтээлч Марчаахай компанийн хамт олондоо баярлалаа. Манай контентыг түгээн дэлгэрүүлж байгаа мэдээллийн сувгуудад талархал илэрхийлье. Мөн НҮБ-ын Хүүхдийн Сангийн боловсролын баг болон удирдлагын баг, сонгон шалгаруулалт, захиалга худалдан авалтын баг гээд маш олон баг, мэргэжилтнүүд  ажилладаг. Бидний санал санаачилгыг дэмжин, богино хугацаанд шийдвэр гаргаж дэмжлэг, чиглүүлэг өгч байдаг хамт олондоо талархаж байна. Монгол улсын боловсролын салбарын цахим шилжилтэд хувь нэмрээ оруулж, хүүхэд бүрд цахим боловсролыг түгээж байгаа бүх талууддаа баярлалаа гэдгээ чин сэтгэлээсээ, багийнхаа өмнөөс хэлж байна аа.

- Танд баярлалаа.

Ярилцсан: Сэтгүүлч Б.Мөнгөншүүдэр

 

*Гэрэл зургийг Unicef Mongolia олон нийтийн хуудас болон Марчаахай ХХК-ийн архиваас авч ашиглав.