Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайдын яамныхаа хамгаалалтыг чангатгахаар АНУ тусгай хүчээ Хайти улсад илгээв

Т.Давааням, ikon.mn
2024 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хайти улс дахь элчин сайдын яамныхаа аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, онц шаардлагагүй ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэхээр тусгай цэргийн хүчийг илгээснээ АНУ-ын батлан хамгаалах яам өчигдөр мэдээлжээ.

Энэ зорилгоор цэргийн нисдэг тэрэгнүүд элчин сайдын яамны хашаанд буух юм байна. Гэхдээ нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн хүмүүсийн дотор Хайтийн иргэн ганц ч байхгүйг мэдэгджээ.

Энэ нь Хайтийн засгийн газрын өндөр албан тушаалтнуудаас АНУ руу дүрвэх гэж байж болзошгүй гэсэн цуурхлыг няцаах зорилготой бололтой.

Хайти улсын нийслэл Порт-О-Прэнс хотын 80 орчим хувийг орон нутгийн гэмт хэргийн бүлэглэлүүд хяналтдаа аваад байгаа юм.

“Элчин сайдын яамны ажилтнуудыг агаараар зөөвөрлөх нь дэлхий даяар хэрэгжүүлдэг манай стандарт ажиллагаа бөгөөд цэргийн нисдэг тэрэгт Хайтийн иргэн огт байхгүй” гэж АНУ-ын армийн Өмнөд Тойргийн Командын штаб мэдэгджээ.

Хайтийн ерөнхий сайд Ариэл Анри улс орондоо дэг журам тогтооход олон улсын цагдаагийн хүчний тусламжийг авах зорилгоор зүүн Африкийн Кени улсад саяхан айлчилсан.

Кени улс НҮБ-ын дэмжлэгтэй энэхүү ажиллагаанд голлох үүрэгтэй оролцох санаачилга гаргасан юм.

Анриг эзгүй хойгуур Хайтийн гэмт хэргийн бүлэглэлүүд засгийн эрхийг гартаа авахаар нийслэл хотын стратегийн ач холбогдолтой байгууламжууд руу довтолж эхэлсэн.

Эх орондоо буцах боломжгүй болсон ерөнхий сайд Мягмар гарагт Пуэрто Рикод ирсэн байна.

Тэр эхлээд Хайтитай хуурай газраар хиллэдэг Бүгд Найрамдах Доминикан Улсад хүрэх зорилготой байсан ч бүтээгүй юм.

Карибын тэнгисийн Испаниола арлыг Хайти улстай хуваан оршдог Доминиканы эрх баригчид “аюулгүй байдлын үндэслэлээр Ариэл Анрийг хүлээж авах боломжгүй” гэж мэдэгджээ.

Тус улс Хайтид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хилээ хаагаад байгаа.

Карибын тэнгисийн орнуудын удирдагчид өнөөдөр буюу Даваа гарагт Ямайка улсын нийслэлд Хайтийн асуудлаар уулзалдах гэж байна.

Уг уулзалтад АНУ, Франц, Канад, Бразил, НҮБ-ын төлөөлөгчдийг бас урьсан юм.

Хайти улсын ерөнхийлөгч Жовенел Мойзе 2021 оны долдугаар сард өргөөндөө бусдын гарт алагдсаны дараа тус улсад үймээн самуун дэгдэж, нийгмийн дэг журам алдагдаад байгаа.

Ерөнхийлөгчийн аллагын дараа Ариэл Анри ерөнхий сайдаар томилогдож байжээ.

Ямайкад болох уулзалтад Анри оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: Associated Press