Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Чимидсүрэн: Татварын Ерөнхий Газар төрийн байгууллагуудаас анх удаа “Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт” төслийг хэрэгжүүлж байна

ikon.mn
2024 оны 3 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Татварын Ерөнхий Газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Чимидсүрэнтэй ярилцлаа.

- Юуны өмнө Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ярилцлага авах хүсэлтийг маань хүлээж авсанд талархлаа илэрхийлье. Энэ өдрийг танай байгууллага хэрхэн тэмдэглэн өнгөрөөж байна вэ? Ямар утга учир өгч тэмдэглэдэг вэ?

- Энэ завшааныг ашиглан Татварын албаны нийт эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэж аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.  Танд бас удахгүй болох энэ тэмдэглэлт өдрийн мэндийг хүргэе. Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг бид олон жил уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Эхэндээ сайн ойлгодоггүй, эмэгтэйчүүд эрхээ эдэлдэг нэг ийм өдөр байдаг юм байх гэдэг ойлголттой явцгаасан байх. Сүүлийн үед арай өөр агуулгаар ойлгодог болж байна. Эмэгтэйчүүдийн эрх гэж тусдаа эрх байдаггүй, харин эмэгтэйчүүд хүний эрхээ хэр хэрэгжүүлж байгаа тухайд бол дэлхий дахинд асуудал их байна.

Манай улсад эмэгтэй эрэгтэй ялгаагүй л ажил хөдөлмөр эрхэлж, амьдралынхаа төлөө хамтран зүтгэдэг сайхан уламжлалтай. Гэхдээ эмэгтэйчүүдийн хувьд анхаарах асуудлууд байсаар. Жишээ нь эмэгтэй хүн хүүхэд төрүүлж өсгөх, гэр орны ажилд нэлээд цагаа зарцуулж ажлаасаа хөндийрдөг. Тиймээс байгууллага нь хүүхэд төрүүлээд ажилдаа эргээд орж байгаа эмэгтэйг дэмжих ёстой. Тэгэхгүй бол орчин үед ажилдаа эргэн дасаж, хэмнэлээ олтол нэлээд хэцүү байх болно.

Манай татварын алба нийт 1900 гаруй ажилтантай, тэдний 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Монгол Улсын татварын албаны ачааны ихэнхийг эмэгтэйчүүд үүрдэг нь харагдаж байгаа биз дээ. Манай байгууллагын хувьд энэ жил эмэгтэйчүүддээ баяр хүргэхийн зэрэгцээ тэднийхээ хөгжилд хувь нэмэр оруулахын тулд эмэгтэйчүүдийн манлайллын сургалт зохион байгуулсан. Цаашид жил бүр тогтмол үргэлжлүүлэн улам сонирхолтой арга хэлбэрээр хийх болно.

Эмэгтэй, эрэгтэй хүмүүс ажил амьдралын бүх хүрээнд тэгш оролцоотой, тэгш боломж нөхцөлөөр хангагдаж байх ёстой.

- Эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүдийн өдөр гээд ярихад эрэгтэйчүүдийн асуудлыг орхигдууллаа гэх шүүмжлэл багагүй гардаг. Энэ талаар төрийн байгууллагууд ямар байр суурьтай байдаг вэ? Та бодлоо хуваалцана уу.

- Эрэгтэйчүүдийн дундаж наслалт, ажил эрхлэлт, хөвгүүдийн сургууль завсардалт гэхчлэн тулгамдсан асуудал нэлээд байгаа учраас бухимдал, шүүмжлэл гардаг гэж ойлгодог. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр бол 100 гаруй жилийн настай тэмдэглэлт өдөр, 1910 онд анх удаа олон улсын эмэгтэйчүүдийн чуулганыг Дани улсын Копенхаген хотноо хуралдаж, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх санаачилгыг гаргасан байдаг. Энэ өдрөөс бусад цагт манай төрийн байгууллагууд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийн хүрээнд ажилладаг. Энэ хуулиар бол эмэгтэй эрэгтэй хүмүүс ажил амьдралын бүх хүрээнд тэгш оролцоотой, тэгш боломж нөхцөлөөр хангагдаж байх ёстой. Жендэрийн хуульд төрийн албаны удирдах, гүйцэтгэх түвшинд ажиллах хүний нөөц хүйсийн тэнцвэртэй байх талаар заасан байдаг.

Манай байгууллагын хувьд жишээлбэл албан хаагчдын 30 гаруй хувь нь эрэгтэйчүүд байгаа нь төрийн ба төсөвт байгууллагын нийт ажилтны дунд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байх хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн удирдах ажилтнуудын 40 хувь нь эмэгтэйчүүд байгаа тул нэг хүйсийн төлөөлөл агентлагийн удирдлагын 20-иос доошгүй хувийг бүрдүүлж байх заалт бүрэн хэрэгжиж байгаа.

зураг
 

- Жендэрийн тэгш байдал тоон харьцаагаар хязгаарлагддаггүй гэдэг. Өөр ямар заалт, шаардлагыг танай байгууллага хэрэгжүүлдэг бол?

- Байгууллагын дотоод гадаад бүхий л үйл ажиллагаа хүнтэй холбоотой учраас, тэнд эмэгтэй эрэгтэй хүмүүс байгаа учраас жендэрийн асуудал холбогдож л таарна. Ажилтнуудынхаа хувьд манай байгууллага ажлын таатай орчныг бүрдүүлэхэд зорьж байна. Ажилтнууд хүйсээсээ болж ялгаварлагдаж гадуурхагдахгүй, цалин хөлс, үнэлгээ, мөн албан тушаал дэвших, сургалтад хамрагдах боломж бүгд тэгш шударга байх ёстой. Сүүлийн жилүүдэд ажлын ачаалал улам ихсэж, хажуугаар нь ковид, замын түгжрэл, хүүхдийн цэцэрлэг сургууль гэх зэрэг нийгэм дэх олон асуудал ажилтнуудад нөлөөлж байгаа учраас бид жендэрийн асуудлыг илүү анхаарч ажиллах, суралцах шаардлага гарч байна. Тиймээс бид өнгөрсөн жилээс олон улсын жендэрийн гэрчилгээний болзол хангахаар НҮБХХ-ийн дэмжлэгтэй төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү олон улсын гэрчилгээг авахын тулд манай байгууллага дотоод болон татвар төлөгчдөд чиглэсэн үйл ажиллагаандаа 40 орчим үзүүлэлтийг хангах ёстой. Юуны өмнө ажилтнууд жендэрийн асуудлаар зөв мэдлэг ойлголттой болж, өдөр тутмын ажилдаа ашиглах арга зүйн түвшинд эзэмших ёстой. Тиймээс бид энэ төслийн хүрээнд эн тэргүүнд нийт ажилтнуудаа чадавхжуулах гүнзгийрсэн сургалтуудыг төлөвлөн хийж байна. Өөрсдөө эхлээд сайн суралцаж байж бусдад үлгэрлэх боломжтой болно.

- Танай байгууллага жендэрийн чиглэлээр олон улсын гэрчилгээний болзол хангахаар төсөл хэрэгжүүлж байна гэж дурдлаа. Энэ төсөл ямар ач холбогдолтой вэ?

- Энэ төслийг хэрэгжүүлэхэд НҮБХХ-ийн жендэрийн зөвлөх тогтмол зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байна. Дэлхийн олон улс орны байгууллагууд олон улсын жишигт нийцсэн нийтлэг стандартыг хангаснаар гэрчилгээний болзол хангадаг. Монгол Улсаас Татварын ерөнхий газар энэ төслийг анх удаа хэрэгжүүлж байгаа онцлогтой. Тиймээс Монгол улсдаа, түүний дотор төрийн байгууллагуудаас түүчээ болж байна гэсэн үг. Гэрчилгээний стандарт, үзүүлэлтүүд нь байгууллагын дотоод тогтолцоо, зохицуулалт, ажилтнуудын жендэрийн арга зүйг ажилдаа ашиглах мэдлэг туршлага, ажлын зохистой орчин нөхцөл гээд олон талыг цогцоор нь хамарсан ажлуудыг хийж, баримт нотолгоогоо бүрдүүлж үнэлүүлснээр хангагддаг. Тодорхой, оновчтой, мөн манай үндэсний хууль тогтоомж, бодлогод нийцсэн аргачлалтай юм билээ. Жишээ нь манай улсын жендэрийн болон хөдөлмөрийн талаарх хууль тогтоомжуудад сайн нийцдэг. Тиймээс цаашид манай байгууллагын туршлага төрийн албаны байгууллагуудад хэрэг болно гэж найдаж байна.

Жендэрийн үндэсний хорооны ажлын алба цаашид энэ арга зүйг нутагшуулан түгээн дэлгэрүүлэхээр манай байгууллагын ажлын үр дүнг хүлээж байгаа. Тиймээс бид алсдаа энэ төслөөс гарсан үр дүн, хуримтлуулсан туршлагаа хуваалцаж, хувь нэмэр оруулахаар хамтран ажиллах болно. 

- Тэгвэл манай төрийн албанд бас нэг сайн туршлага гарах юм байна гэж ойлголоо. Харин татвар төлөгчдөд ямар нөлөө үзүүлэх вэ?

Татварын байгууллагуудын үйлчилгээнд иргэдийн нас, хүйс, эрүүл мэндийн онцлогийг харгалзах арга зүй нэвтэрнэ гэсэн үг. Жишээлбэл татвар төлөгчдөд зориулсан аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг төлөвлөх үндэс болсон татвар төлөгчдийн судалгаанд хүйсээр ангилсан мэдээлэл ашигладаг болно. Хаана, ямар үйл ажиллагаанд хэн хамрагдаж, хэн орхигдож байгаа талаар нарийвчилсан мэдээлэлтэй болно. Татвар хэнд ямар нөлөөтэй байна, татвар төлөхөд хэнд ямар бэрхшээл тулгарч байна, нийгэм дэх тулгамдсан олон асуудлыг шийдэхэд татвар яаж нөлөөлж байна гэдгийг судалж үнэлдэг болно. Жишээлбэл малчдад зориулсан хөнгөлөлт чөлөөлөлт, оюутны төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлт гэх мэт нийгмийн тодорхой бүлгүүдэд чиглэсэн үйлчилгээнийхээ үр нөлөөг илүү нарийвчлалтай үнэлэх шаардлагатай байна.

Энэ мэтчилэн мэдээлэл судалгаагаа илүү нарийвчилснаар татварын бодлогыг урт хугацаанд нийгмийн хэрэгцээг харгалзан төлөвлөх үндэслэл бүрдэнэ. Энэ нь эдийн засаг, бизнес эрхлэлтэд тэгш шударга байх зарчмыг нэвтрүүлэхэд тустай. Жишээ нь бид хүйсээр ангилсан мэдээлэл ашигласнаар татвар төлөгчдийн аль сегментэд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн оролцоо ямар байгааг мэдсэнээр аль түвшнийг ямар арга замаар дэмжих вэ гэдгээ тодорхойлоход тусална.

Одоогоор бид энэ төслийг хэрэгжүүлэх явцдаа татвар төлөгчдийн боловсролын хөтөлбөрт жижиг, дунд, бичил бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай сургалтуудыг нэвтрүүлэх ажлыг Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих холбоо ТББ-тай хамтран хийж байна. Татвар төлөгчдийн сэтгэл ханамжийг үнэлэх, санал гомдлыг хүлээн авахдаа бас жендэрийн асуудлыг харгалзсан өөрчлөлт шинэчлэлүүдийг хийж байна.

- Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжихэд татвар хэр үүрэгтэй вэ? Энэ талаар төлөвлөсөн ажил байгаа юу?

Манай улсад жижиг дунд, бичил бизнес эрхлэгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих нь улс орны эдийн засагт сайн нөлөөтэй төдийгүй гэр бүлийн орлогыг өсгөж, амьдралын чанар сайжруулдаг гэсэн судалгаа байгаа учраас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-аар удахгүй хэлэлцэх гэж байна. Энэ хууль хэрэгжсэнээр эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх орчин нөхцөлийг таатай болгоход чиглэсэн олон төрлийн санхүүгийн хөшүүргүүд, бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжинө. Татварын үйлчилгээ ч энд мөн хамаарна. Одоогоор бид эмэгтэйчүүдийн ТББ-уудаас бүрдсэн зөвлөлийг байгуулан татварын үйлчилгээний талаарх мэдээллийг тэднээр дамжуулан иргэдэд хүргэх, мөн тэдэнд татвартай холбоотой тулгамдаж байгаа асуудлаар тогтмол мэдээлэл авч байх хамтын ажиллагааг эхлүүлэхээр зорьж байна.

- Танд баярлалаа