"Эго" продакшны уран бүтээлчид “Хайрын гэрээ” хэмээх анхны уран бүтээлээ үзэгчдэд хүргээд хоёр долоо хонож байна.
2000-аад оны эхэн үеийг харуулах уг киноны гол бүрийг бүтээсэн жүжигчин Д.Хосбаяртай шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэрбээр ангийнхаа хоёр найзын хамтаар продакшнаа үүсгэн байгуулжээ.
- Продакшныхаа анхны уран бүтээлийг амжилттай нээж, үзэгчдийн мэлмийд хүргэсэн танай хамт олонд баяр хүргэе. Үзэгчид, урлагийн салбарын найз нөхдөөс сайхан сэтгэгдэл, урам их ирж байгаа байхдаа?
- "Хайрын гэрээ" киноны маань үзэгчид сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлсээр байна. Бид Монгол Улсын 21 аймгаар киногоо хүргэх төлөвлөгөөний дагуу саяхан Дархан хотод киногоо авч очиход үзэгчид маш сайхнаар хүлээн авч байсан шүү. Иймдээ ч манай хамт олны зүгээс сэтгэгдэл өндөр байна.
- Та бүгд энэхүү уран бүтээлээрээ үзэгчдэд юу хүргэхийг зорьсон бэ?
- Юун түрүүнд "Эго" продакшныг Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн гурван шавь нэг хүсэл тэмүүлэл зорилгын дор нэгдэн үүсгэн байгуулсан. Мэргэжлийн уран бүтээлч бүтээл бүрээрээ нийгэмд ямар нэгэн санаа хүргэж байх ёстой гэж боддог. Энэ уран бүтээлд маань ч нийгэмд хүргэх гэсэн чухал санаа агуулагдаж байгаа. Үүнийг дэлгэрүүлж яривал киногоо ярих гээд байгаа учраас та бүхэн киногоо үзвэл хариултаа олно гэж итгэж байна.
Хүн гэдэг бодгаль хайрлагдах гэж төрдөг. Хүн гэлтгүй амьтай бүх зүйл хайрыг мэдрэх гэж, бусдыг хайрлах гэж ирдэг гэж би хувьдаа боддог.
Бид нэгнээ хайрлана гэсэн амлалт бичиг буюу гарын үсгээ зурснаар нэг ёсны "Хайрын гэрээ" хуримын ордонд хийгддэг байж болно шүү дээ. Гэхдээ кинонд маань хийгдсэн гэрээ илүү сонирхолтой, үзүүштэй байх болно.
- Зураг авалтын 60-70 хувийг хөдөө орон нутагт авсан гэсэн. Ингэснээр ямар давуу болон сул талтай байсан бэ?
- Манай киноны хамт олон арваннэгдүгээр сард Дорноговь аймгийн Зүүнбаян суманд зураг авалтын 60-70 хувиа хийсэн. Кино маань 2000-2005 оны цаг үеийг харуулахыг зорьсон бөгөөд тэр үеийн намрын шаргал өнгийн дүрслэл болон таван давхар хуучны байрууд, галт тэрэгний зогсоол гэх мэт цэгүүдэд төвлөрч ажиллалаа
Ийнхүү бригадаар олон хоног гэрээсээ хол ажилласнаар нэг бодлын сөрөг талууд байгаа ч давуу талууд нь харьцангуй их. Адаглаад л түгжрэлгүй, утаанаас хол гэх мэт. Миний хувьд киноныхоо зургийн даргаар давхар ажилласан бөгөөд зураг авалтын үеэр гэнэт хоёр хоног дараалаад нэвсийсэн цас орчихдог юм.Үйл явдал цастай үе рүү шилжвэл үнэмшилгүй болох учраас үлдсэн зураг авалтаа аль болох дотогшоо шилжүүлсэн.
Анх гар дээр минь ирсэн зохиол "Хайрлагдсан хулигаан" хэмээх нэртэй байсан
- Жүжигчдийн бүрэлдэхүүн болон сонгон шалгаруулалтын талаар ярина уу?
- Дүр сонголтоо манай продакшн маш сайн ярилцсаны эцэст хийсэн. Дүрд ажилласан уран бүтээлчдээс танилцуулбал Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин соёлын тэргүүний ажилтан Ж.Пүрэвдорж ах, МҮОНРТ-ийн кинонд дуу оруулагч, жүжигчин Э.Дэлгэрцэцэг, Хүүш Дамдин хэмээх нэрээр олноо танигдсан Маск продакшны жүжигчин Сүхээ, "Зогсохгүй" продакшны Дүүрээ гэсэн уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүнтэй ажилласан байна.
- Та өөрийн ажилласан дүрийнхээ судалгааг яаж хийсэн бэ?
- Киноны үйл явдал өрнөсөн үе буюу 2000-аад оны эхэн үед залуучууд юу хийдэг байсан талаар гаргаж ирэхийг хичээсэн.
Жишээ нь хоорондоо гэрийн утсаар ч юм уу таксфоноор карт хийж ярьдаг, хамтдаа цаг өнгөрүүлэх газар одоогийнх шиг элбэг биш байсан бөгөөд залуучууд нь үсээ шараар будуулах, өргөн өмд өмсөх, чихэндээ жижиг цагариг зүүх гэх мэт тэр үеийн хэв шинжүүдийг гаргаж ирсэн.
- "Эго" продакшны ойрын зорилго болон алсын хараагаа нууц биш бол хуваалцана уу?
- Одоогийн байдлаар манай продакшны ойрын гурван жилийн төлөвлөгөө гарчихсан байгаа. Үүнээс задалбал дараагийн уран бүтээлээрээ сэтгэхүйн аймшгийн кино хийх зорилготой байна.
- Ярилцлагын төгсгөлд "Хайрын гэрээ" уран сайхны киног заавал үзэх нэг шалтгаан дурдаач гэвэл та юу хэлэх вэ?
- Гар утасгүй, олон нийтийн сүлжээ хөгжөөгүй үеийн залуус, яаж дурлалцаж, цагийг хэрхэн өнгөрүүлдэг байсан талаарх бага залуугийнхаа үерхэл, шохоорхлынхоо хөөрхөн дурсамжийг эргэн сэдрээсэн кино байх болно.
- Ярилцсанд баярлалаа танд амжилт хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!