Гаалийн байгууллагын ажилтнуудын хариуцлагагүй байдлаас болж карго ачаанаас бараа (витамин) алдагдсан гэх иргэн олон нийтийн цахим сүлжээнд энэ тухайгаа мэдээлээд буй.
Үүнтэй холбогдуулан гаалийн байгууллага дотоод хяналт шалгалт явуулж гаалийн албан хаагч карго ачаанаас авч дутаасан үйлдэл хийгээгүй нь тогтоогджээ.
Гаалийн Ерөнхий Газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа хэлэхдээ "Иргэн Х-гийн нийгмийн сүлжээгээр 2024 оны хоёрдугаар сарын 22-нд мэдэгдсэн карго ачаанаас бараа алдагдсан гэх мэдээллийн дагуу гаалийн байгууллага дотоод хяналт шалгалтыг шуурхай зохион байгууллаа.
Уг шалгалтаар гаалийн албан хаагч карго ачаанаас авч дутаасан, задалж хэрэглэсэн, өөр хүнд дамжуулсан гэх хууль бус үйлдэл хийгээгүй болох нь камерын хяналтын бичлэгээр тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл иргэн Х-гийн ачаа дангаараа байгаагүй. Тухайн өдөр АНУ-аас “Баян түмбэ” гэх карго зуучийн компани 360 бичиг баримттай, нийт 160 иргэний хүлээн авах карго ачаануудыг гаалийн хяналт шалгалтад хамруулсан байдаг.
Хяналт шалгалтын үйл ажиллагаанд заавал эзэмшигчийг байлгах ёстой. Эзэмшигч байхгүй тохиолдолд гаалийн байгууллага шалгах шаардлагатай гэж үзвэл тээвэр зуучийн байгууллага, гаалийн зуучлагч байгууллага эсхүл карго зуучийн үйл ажиллагаа явуулж буй компанийн төлөөллүүдийг байлцуулан шалгаж болдог хуулийн зохицуулалттай. Ийнхүү холбогдох хүмүүсийг байлцуулан камерын хяналт дор нарийвчилсан үзлэг шалгалтыг хийсэн.
Харин гаалийн улсын байцаагч биет үзлэг шалгалт хийх явцдаа хувьдаа завшсан, ашигласан, өөр бусад дамжуулсан, өөрөө ууж хэрэглэсэн гэх иргэн Х-гийн гаргаж байгаа гомдол дээр дурдагдсан нь ташаа мэдээлэл" гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!