Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Баярхүү: Улсын нөөцөөс гарч байгаа хивэг тэжээл ОХУ-д үйлдвэрлэгдсэн, орос шошготой

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УОК-оос өвөлжилт, хаваржилт зудын эрсдэлийг хохирол багатай давахын тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг өглөө.

Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "ЦУОШГ-аас зудын үнэлгээг хоёрдугаар сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан байна. 10 хоног тутамд орсон цас, нягтаршил гээд тодорхой үзүүлэлтүүдээр зудын үнэлгээг хийдэг. Зудтай аймаг, сумдын тоо нэмэгдсэн, тааруухан үзүүлэлтүүд гарчээ.

Улсын хэмжээнд 189,283 малчин өрхөөс 72,000 нь хүндэрчээ.

  • Өвс тэжээл дууссан 39,414
  • Хүнс хоолны дутагдалтай 7,800
  • Эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13,000
  • Түлээ, түлшний тасалдалттай 5,800 малчин өрх байна.

Хоёрдугаар сарын 19-22-ны өдрүүдэд өвөлжилт хүндэрсэн 21 аймгийн онцгой комисс 154 суманд 2,829 малчин өрхөд 465 тонн өвс, 36,800 малчин өрхөд тэжээл хүргэх, 7,986 км зам гаргах ажлыг 1,135 албан хаагч 1,283 техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэжээ.

Төрийн цэргийн байгууллагуудын хувьд 245 албан хаагч 197 техник хэрэгсэлтэйгээр өвөлжилт хүндэрсэн 17 аймгийн 74 суманд ажиллаж, 1,121 айл өрхөд хүрч, 6,282 км зам гаргасан байна.

Өнгөрсөн гурван өдөрт улсын хэмжээнд 14,268 км зам гаргах ажлыг орон нутагт ажиллаж байгаа шуурхай томилгоот бүлгүүд зохион байгуулжээ.

Хаваржилт хүндэрч буй аймгуудад Засгийн газрын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа.

  • Сайд Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаад одоо Завхан аймгийн Баянтэс, Тэс суманд
  • БХ-ын сайд Г.Сайханбаяр, ЭМ-ийн сайд С.Чинзоригоор ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллаж дуусаад өчигдрөөс эхлэн Архангайд ажиллаж байна.
  • БШУ-ны сайд Б.Энх-Амгалан, БХБ-ын сайд Ц.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад
  • Сайд Б.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт
  • Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт ажиллаж, өнөөдрөөс эхлэн Сэлэнгэ аймагт
  • ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий, Ховд, Увс аймагт үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Улсын болон аймаг, сумдын нөөцөд хадгалагдаж байсан өвс, тэжээлийг эхний ээлжид малчин өрхүүдэд, дараагийн ээлжид ХАА-н корпорацад хадгалагдаж байгаа 10,000 тонн тэжээлийн будааг аймаг, орон нутагт хүргэх ажлыг зохион байгуулж байгаа. Одоогийн байдлаар дөрвөн аймаг гэрээ байгуулж, Хэнтий аймаг татан авалтаа хийж эхэлсэн.

Гуравдугаар ээлжид орон нутаг руу хүргэх малын тэжээлийн хангамж, нөөцийн судалгаа тооцоо бэлэн болоод байна.

Цахим орчинд цацагдсан тал шуудай хивэг тэжээл айл өрхүүдэд тараасан гэх мэдээлэл нь ор үндэсгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье.

Улсын нөөцөөс гарч байгаа тэжээл нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн, орос шошготой хивэг. Монгол шошготой хивэг тэжээл байхгүй.

Иргэдийн зүгээс малчдад туслах аянд идэвхтэй оролцож байна. Олон тусламж, дэмжлэг хүрч байгаа. Хэрэв улсын нөөцөөс олгосон өвс, тэжээлтэй холбоотой гомдол, санал буюу тал шуудай хивэг тэжээл өгсөн байвал УОК-т хандаарай. Хяналт, шалгалтын ажиллагаа явуулж, эзнийг тогтооно.

Хандив, тусламжийн аян болон улсын нөөцийн тусламж ялгаатай.

Зуд байгалийн гамшиг. Үүний цаана олон айлын амьжиргаа, хувь заяаны асуудал байгаа учраас гамшгийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа Засгийн газрын албан ёсны үйл ажиллагааг улс төржүүлэхгүй байхыг хүсье" гэж хэллээ.