ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг нээлттэйгээр сонгон шалгаруулж байна

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Боловсролын газраас нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд 15, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 17 нийт 32 ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж, 197 иргэн бүртгүүлжээ.

Бүртгүүлсэн иргэдээс эхний шалгаруулалт болох хууль эрх зүйн сорилын шалгалтыг Төрийн албаны зөвлөлтэй хамтран цахим тестээр 2013 оны 12-р сарын 26, 27-ны өдрүүдэд авчээ. 

ЕБС-ын захирлын 14 ажлын байранд 48, цэцэрлэгийн эрхлэгчийн 9 ажлын байранд 13, нийт 23 ажлын байранд 61 иргэн тэнцсэн байна.

Харин сонгон шалгаруулалтын “Заах арга-ур чадвар” шалгалт болон тухайн байгууллагыг хөгжүүлэх “Байгууллагын хөгжлийн хөтөлбөр”-ийн шалгалтыг авах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:

  1. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
  2. Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтэс
  3. Нийслэлийн “Захирлуудын зөвлөл”-ийн төлөөлөл
  4. Нийслэлийн “Цэцэрлэгүүдийн удирдах ажилтны холбоо” ТББ-ын төлөөлөл
  5. Тухайн байгууллагын эцэг эхийн төлөөлөл оролцож үнэлгээ өгч буй нь илүү үнэн бодитой сонгон шалгаруулалт болж байгаа юм.

Мөн дээрх 2 шалгалтад багш, ажилчид, эцэг, эх сурагчдын 30-аас дээш хүний төлөөлөл оролцож үнэлгээ өгч байгаа нь иргэдийн оролцоог тэгш хангасан, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлсэн шинэлэг ажил болж байгааг албаныхан онцолж байна.

Энэ зарчмаар өнөөдөр

  • Баянзүрх дүүргийн 102-р сургуулийн захирлын албан тушаалд 8 иргэн, 52, 8-р цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд тус бүр 1 иргэн,
  • Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуулийн захирлын албан тушаалд 6 иргэн,
  • Сүхбаатар дүүргийн 16-р сургуулийн захирлын албан тушаалд 1 иргэн,
  • Чингэлтэй дүүргийн 49-р сургуулийн захирлын албан тушаалд 2 иргэн заах арга-ур чадвар болон байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн боловсруулалтын шалгаруулалтад оролцож байна. 

Цаашид энэ журмаар нийслэлийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг сонгож байх аж.