ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөвсгөлийн Мөрөн хот хөлдөж байна. Хүүхдүүд хичээлдээ гадуур хувцастайгаа суусан ч даараад сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байгаа"

Б.Даваабазар, iKon.mn
2024 оны 2 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бүсчилсэн хөгжлийн талаар Ардчилсан Нам(АН)-аас ялалт байгуулсан аймгийн Засаг дарга нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэдний хувьд Монголыг бүсчлэн хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар чуулган оролцож буй бөгөөд байр сууриа илэрхийлснийг хүргэж байна. 

"Монгол хүний оюун ухааныг дэлхийд үнэлүүлэх аутсорсингийн том үйлдвэрийн цогцолборыг хойд бүсэд байгуулах нь зүйтэй"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөвсгөл аймгийн Засаг дарга асан, Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ш.Идэрбаясгалан: Бүсчилсэн хөгжлийн асуудлыг ярих цаг нь болжээ гэж эрдэмтэн судлаачид үзэж байгаа юм байна. Хойд бүсэд Хөвсгөл, Булган, Орхон аймгууд хамрагддаг. Бүсийн чуулганд оролцож байгаа учраас саналуудаа хэлнэ.

  • Одоогоор Хөвсгөл, Булган аймгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь мал аж ахуй байгаа. Тухайлбал Хөвсгөл аймаг улсдаа дараалан хоёр жил хамгийн олон мал тоолуулсан аймаг. Тэгэхээр эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь хэвээрээ байна. Мөн эрүүл бүс байх, эрүүл малтай байна гээд олон улсад гаргах зорилго тавьж, шат дараатай ажлууд хийж байгаа. Экспортлогч бүс нутаг болохын төлөө ажиллах нь зөв гэх саналтай байна.
  • Дараагийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл бол аялал жуулчлал. Аялал жуулчлалын хамаарлыг багасгасан тогтвортой, эко байхаар төлөвлөх ёстой. Учир нь хог хаягдлын асуудал нэлээн яригддаг. Өөрөөр хэлбэл Хөвсгөл аймагт жилд 100 мянга гаруй жуулчин ирж байна гэж бодоход тэр хэмжээгээр хог хаягдал үүсэж, байгалийн доройтол явагддаг. Иймээс эко байх тал дээр анхаарах нь зүйтэй. Бас аялал жуулчлал ярьж байгаа бол үүдээ томоор нээх ёстой. Энэ талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хэдий ч хэрэгжихгүй байгаа Мөрөн хотод байгаа онгоцны буудлыг олон улсын дөрвөлсөн ангилалтай болгох ажлыг яаралтай эхлүүлэх ёстой. 
  • Бид байгалийн баялгаа зарж эдийн засгийн гол түлхүүрээ болгож байгаа. Хамгийн гол нь монгол хүний оюун ухааныг дэлхийд үнэлүүлэх, экспортлох ажлыг төрийн бодлогод тусгахгүй байна уу гэж харж байгаа. Тиймээс монгол хүний оюун ухааныг дэлхийд үнэлүүлэх аутсорсингийн том үйлдвэрийн цогцолборыг хойд бүсэд байгуулах нь зүйтэй гэж бид үзэж байна.
    Жишээлбэл Мөрөн хотод Германд их дээд сургуулиа төгсөж ирээд тус улс руу аутсорсинг хийдэг компани үйл ажиллагаагаа явуулж байна. Анх гурван инженертэй байсан бол одоо 20-уулаа болсон.

Бас нэг зүйл нь энэ хуваасан бүсчлэлүүд хэр оновчтой вэ гэдэгт санаа зовж байгаа. УИХ-ын сонгуулийн тойрог хуваасан бүсчлэлийг улсыг хөгжүүлэх бүсчлэл мөн гэж үзэх нь зөв буруу эсэхэд эрдэмтэд анхаарах байх. 

Энэ ташрамд хэлэхэд өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хот хөлдөж байна. Хүүхдүүд хичээлдээ гадуур хувцастайгаа суусан ч даараад сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй нөхцөл байдалд байна. Уг асуудлыг холбогдох яам нь УИХ-д суугаа гишүүд олон жилийн өмнөөс мэдэж байсан ч дорвитой шийдвэр өнөөдрийг хүртэл гаргаагүйн улмаас ийм нөхцөл байдалд хүрсэн. Холбогдох газрууд анхаарч өгөхийг хүсье. 

"Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг нийлээд олон жил яригдсан усны төслөө урагшлуулах боломж бүрдэж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Говийн бүсээс Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж: Энэ жилээс бүсчилсэн хөгжлийг улс төрийн хүрээнд шийдэж байна. Говийн бүсийн тухайд дөрвөн аймаг бий. Бид зовлон бэрхшээл нэг, хүн амын аж амьдрал төстэй. Говийн бүсэд хариуцлагатай уул уурхай, ус, сэргээгдэх эрчим хүч гэсэн гурван зүйл хэрэгтэй байгаа. Өөрөөр хэлбэл одоо байгаа уул уурхайн том төслүүдийнхээ үйл ажиллагааг зогсоохгүйгээр ирээдүйн шинэ уул уурхайнуудад байгаль орны болон нийгмийн хариуцлагын санамж болгох хэрэгтэй.

Гадаргын усны тодорхой хувийг буюу эрдэмтдийн тооцсоноор 5-10 хувийг дотооддоо хэрэглэхэд говийн бүс нутаг 100 хувь усаар хангагдана гэх тооцоо байдаг.

Эрдэнэтийг Булган аймаг усаар хангадаг жишиг байна. Говийн бүсийн дөрвөн аймаг нийлэх алтан боломж гарч ирж байгаа тул усны хоолойгоо хаагуураа явуулах вэ гэдгээ тохирох нь зөв. 15 км тутамдаа ус гаргадаг байхаар хүртээх төсөл бий. Иймээс Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг нийлээд олон жил яригдсан усны төслөө урагшлуулах боломж бүрдэж байна.

""Баруун туруун хөдөө аж ахуйн цогцолбор" хэмээх баруун бүсийн эдийн засагт гол нөлөө үзүүлэх томоохон төслийг боловсруулаад, ТЭЗҮ-ийг бэлэн болгож байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баруун бүсийг төлөөлөл, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд: Баруун бүс нутаг нь олон боомттой. БНХАУ, ОХУ-тай хиллэдэг зэрэг онцлогтой газар байдаг. ОХУ, БНХАУ-ыг холбосон хоёр үндсэн коридор үүсэж байгаа. Үүнийгээ бид давуу тал болгож цаашид хөгжихөөр хөгжлийн бодлогоо баримталж яваа. Баруун бүсэд Увс аймаг газар тариалан эрхлэх боломжтой учраас бид "Баруун туруун хөдөө аж ахуйн цогцолбор" хэмээх бүс нутгийн эдийн засагт гол нөлөө үзүүлэх томоохон төслийг боловсруулаад, ТЭЗҮ-ийг бэлэн болгож байна. Ингэснээр баруун бүс нутгийнхаа гурил тэжээлийн хэрэглээг хангах боломж бүрдэнэ. Бүсийн хэмжээнд харахаар боломж их харагдаж байгаа.

Өнгөрсөн 30 жил сумаа л хөгжүүллээ. Гэхдээ сум хөгжсөнөөр улс орон хөгждөггүй гэдэг нь харагдлаа. Сум жижиг асуудлыг л шийдэж байна. Тиймээс улсаа хөгжүүлэхийн тулд бүсчилж хөгжүүлэх хэрэгтэй. Бүсийнхээ онцлогт тохирсон  үйлдвэр үйлчилгээг бий болгох замаар эдийн засгаа сайжруулах хэрэгтэй.

"Сүхбаатар аймагт Хөөтийн аж үйлдвэрийн парк байгуулах шаардлагатай" 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зүүн бүсийн төлөөлөл, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат: Байршлын хувьд Зүүн бүс нутаг бол алтан байршилтай. Далайд гарах хамгийн дөт зам нь Сүхбаатар аймагт байдаг. Хөнгөн болон хүнд үйлдвэрүүдийг хөгжүүлж валют олох боломж бий. Манай аймагт гэхэд ашиглалтын лицензтэй үйл ажиллагаа явуулж байгаа 10-аад уурхай байдаг. Нэг уурхайн нүүрсний нөөц нь хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа. Бүтээгдэхүүнийг түүхийгээр нь гаргахаас гадна аж үйлдвэрийн парк болгож боловсруулах шатанд экспорт хийх боломжтой. Энэ хүрээнд Сүхбаатар аймагт Хөөтийн аж үйлдвэрийн парк байгуулах шаардлагатай. Энэ олон зүйлийг шийдэхэд дэд бүтцийн асуудлыг ярих хэрэгтэй байгаа. 

"Бүсийн хөгжил бол хөдөө орон нутагт зориулсан хөгжил биш"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотыг төлөөлөн Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Баатархүү: Ажлын байрыг хувийн хэвшил бий болгодог. Хувийн хэвшлийг дэмжих, хамгаалах, тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулах эдийн засгийн, татварын, хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх ёстой гэсэн байр суурийг Ардчилсан Нам гаргаж байгаа. Бүсийн хөгжил бол хөдөө орон нутагт зориулсан хөгжил биш. Улс даяараа хөгжих ёстой. Улаанбаатар хотод ч бүсийн хөгжил хамаатай.