Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Тапан Мишра: Монголын залуучуудыг чадамжтай болгох чухал. Сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган Төрийн ордонд өнөөдөр болж байна. 

Энэ үеэр бүсчилсэн хөгжилд юу чухал талаар салбарын мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишра өөрийн санаа бодлоо хуваалцав. 

Тэрбээр "Би монгол хэл, соёлын талаар бага зэрэг мэднэ. Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтыг хөгжүүлэх тал дээр тодорхой зүйлүүдийг хийж байгаа ч цар тахлын үед хурд нь саарсан асуудал байна. 

Монгол Улс 33 жилийн түүхтэй залуу ардчилалтай орон. Тэгэхээр амжилтын хувьд эргэж харах цаг нь болсон. Хүний хөгжилтэй харьцуулж үзвэл 33 нас бол эрийн цээнд хүрсэн гэж тооцогдоно. 

Өчигдөр би онгоцны буудлаас хотын төв рүү ороход гурван цаг болсон. Германы Элчин сайдын яамны арга хэмжээнд оролцох гэсэн боловч замын түгжрэлээс болж амжсангүй. Энэ бол тогтвортой хөгжил биш. Улаанбаатар хот энэ утгаараа тогтвортой хөгжиж байна уу гэдэг асуудал гарна. 

Өнгөрсөн гучин жилийн хувьд бүсчилсэн хөгжлийн асуудал дутмаг байсан. 3.5 сая хүн ам маш бага газар нутаг дээр төвлөрч амьдарч байна. Хөдөөгийн хөгжил гэж байхгүй. 

Мөн дээд боловсролын байгууллагын 90 гаруй хувь зөвхөн Улаанбаатарт байгаа. Боловсролын байгууллагуудаа тарааж байрлуулснаар улсын хөгжил эхэлдэг.

Монгол Улсын хөрөнгө оруулалтыг хүний бие шиг бодвол Улаанбаатар хот ходоодтой адил бүх хүнс тэжээлийг аваад байгаа. Бусад эд эрхтэн нь сул дорой, хөгжиж чадахгүй нөхцөл үүссэн. 

Цаг хугацаа маш чухал. Хүмүүс хот руу шилжиж байгааг хэрхэн урвуулж хөдөөг хөгжүүлэхийг бодох ёстой. Энэ нь зөвхөн зам, дэд бүтэц хөгжүүлэхээр шийдэгдэхгүй. Гол нь сэтгэлгээний өөрчлөлт юм. 

Монголын залуучууд маш өндөр боловсролтой, бичиг үсэг тайлагдсан. Тэгвэл тэднийг яаж чадамжтай болгох вэ гэдэгт анхаарах чухал. Экспортын 90 гаруй хувь нь уул уурхайн эрдэс баялаг. Эцсийн бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байгаа.

Тиймээс бидэнд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй. Үүний тулд бүсчилсэн хөгжлийн оновчтой бодлого орчныг бий болгосноор өөрчлөлт гаргаж болно. 

Хүмүүс одоо юу хийх, зах зээл хаана байна, юу үйлдвэрлэх гэсэн зорилгоос харах хэрэгтэй. Одоогийн Монгол Улс бүсчилсэн хөгжлийн талаасаа сул дорой байна. Тэгэхээр шинэ боломжийг гаргаж ирсний дараа урагшилна. 

Улаанбаатар бол нэг хот. Бусад орон ганцхан хотыг дагаад хөгждөггүй. Тиймээс ямар алхмууд хийх, бодлого хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байгаа юм. 

Би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүх аймаг, сумдаар явсан, малчин айлуудад очиж үзсэн. Дархан хотын Засаг дарга Б.Азжаргалтай ярьж үзсэн. Улаанбаатарт маш олон боломж байгаа.

Үүнд төр засаг, хувийн хэвшил, олон улсын байгууллагыг уриалж хөдөөгийн хөгжилд анхаарах хэрэгтэй. Гэхдээ сонгуулиар сонгогдсон Засгийн газар тогтвортой ажилладаггүй гэсэн асуудал байна" хэмээн ярилаа. 

Зураг
5 | 11 | 4 өдөр