Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанк 90 дэх жилийнхээ түүхтэй золгов

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өдгөөгөөс яг 90 жилийн өмнө Монгол Улсад банк үүссэн түүхтэй аж. 1924 оны зургадугаар сарын 2-нд Монгол, Зөвлөлт Орос улсын хувь нийлүүлсэн хөрөнгөөр Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк байгуулагдсан байна.

Анх нээгдэхдээ 260 мянган янчааны хөрөнгөтэй, 22 ажилтны орон тоотой, үүний дотор зөвлөлтийн мэргэжилтэн 18, монгол ажилчид дөрөв байжээ. Энэ бол Монголбанкны суурь тавигдсан түүхэн өдөр байв.

Хориод онд мөнгөний шинэчлэлт хийж, Монголын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргаж, худалдаа бэлтгэлийн ажиллагааг санхүүжүүлж, зах зээлийн барааны хангамж, үнийн хөдөлгөөнийг зохицуулж, ардын аж ахуйтанд зээл олгож байсан нь Монголбанкны үндсэн үйл ажиллагаа болжээ.

ЗХУ Монголбанкинд оруулсан өөрийн хувь хөрөнгө, хувьцааг 1954 онд Монголын талд шилжүүлсэн

1950-иад он гэхэд Монголбанкны аппарат өргөжин бэхжиж бүх аймаг, томоохон хот сууринд өөрийн салбартай болж, ЗХУ-ын мэргэжилтнүүдийн тусламжаар дотоодын боловсон хүчин бэлтгэж, нийт ажилтнуудын 98 хувийг эзлэх болов.

ЗХУ Монголбанкинд оруулсан өөрийн хувь хөрөнгө, хувьцааг 1954 онд Монголын талд шилжүүлэн өгснөөр Монголбанк БНМАУ-ын Улсын банк болон зохион байгуулагджээ.

1950-иас 1991 он хүртэл Улсын банкны даргын албан тушаалыг Г.Балжид, Л.Лхамсүрэн, П.Төмөр, Д.Данзан, Г.Хүдэрчулуун нар хашиж байсан байна.

Он цагийн хэлхээс (Монголбанк)

  • 1227 - Манай улс дэлхийд анх удаа цаасан мөнгө гаргасан
  • 1924 - Худалдаа Аж Үйлдвэрийн Банк байгуулагдсан
  • 1925 - Үндэсний валютыг төгрөгөөр тогтоосон
  • 1926 - Цагаан мөнгөн зоос анх гүйлгээнд гаргасан
  • 1931 - Урт хугацаатай зээл өгч эхэлсэн
  • 1940 - Улсын төсөв Монголбанкаар дамжих болсон
  • 1946 - Зээлийн барьцаа эхэлсэн
  • 1954 - Монголбанк Монгол Улсын Засгийн газрын мэдэлд бүрэн шилжсэн
  • 1963 - Монгол Улс олон талт тооцооны системд шилжсэн
  • 1991 - Хоёр шатлалт банкны тогтолцоог нэвтрүүлсэн
  • 1992 - Клирингийн тооцоо эхэлсэн
  • 1993 - Монголбанк хяналт шалгалтын ерөнхий чиглэлийг баталсан
  • 1994 - Нягтлан бодох бүртгэлийн шинэ тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн
  • 1996 - Арилжааны банкуудын хямрал болж “Ард”, “Даатгал” зэрэг банкууд дампуурсан
  • 2001 - ББСБ байгуулагдаж, банк санхүүгийн салбарт өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн
  • 2009 - Санхүүгийн хямрал болсон
  • 2011 - “Төлбөрийн картын журам”-ыг шинэчлэн батлав

Мэдээллийн эх сурвалж: ҮАЕГ