2023 онд Европын орнуудад улаан бурхан өвчний тохиолдол 42,400 бүртгэгдэж, өмнөх оноосоо бараг 45 дахин өссөн тухай Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр зарлажээ.
2022 онд Европ тивд бүртгэгдсэн тохиолдол 941 байсан байна.
ДЭМБ-ын гишүүн Европ тивийн 53 улсын 41-д нь улаан бурхны өвчлөл нэмэгджээ.
Үүнийг коронавирусийн цар тахлын хугацаанд улаан бурхны эсрэг вакцинжуулалт тасалдсантай холбон тайлбарлаж байна.
Улаан бурхны тархалт хамгийн өндөр байгаа улсууд нь Орос, Казахстан болжээ. Өнгөрсөн оны нэгээс аравдугаар сарын хооронд дээрх улсуудад тус бүр 10,000 давсан тохиолдол бүртгэгдсэн байна.
Баруун Европын орнуудыг 183 тохиолдолтой Их Британи тэргүүлжээ.
Өнгөрсөн оны эхний арван сарын хугацаанд Европ тивд улаан бурхны улмаас 21,000 хүн эмнэлэгт хэвтэж, таван хүн амиа алдсаныг ДЭМБ “санаа зовоохуйц үзүүлэлт” гэж тодорхойлсон байна.
2020-2022 оны хугацаанд тус тивийн орнуудад 1.8 сая хүүхэд улаан бурхны вакцинжуулалтад хамрагдаагүй ажээ.
Тиймээс ДЭМБ вакцинжуулалтаа эрчимжүүлэхийг Европын орнуудад уриалсан байна.
Улаан бурхан нь вирусээр үүсгэгддэг өвчин бөгөөд амьсгалах, ханиах, найтаах үед амархан тархдаг. Ихэвчлэн хүүхдүүдэд халддаг ч аль ч насны хүмүүсийг өвчлүүлэх боломжтой.
Гол шинж тэмдгүүд нь тууралт, нус нулимс гоожих, ханиалгах. Хүндэрсэн тохиолдолд амь насанд хүрэх боломжтой юм.
Улаан бурхны халдвар дэгдэлтээс сэргийлэхийн тулд хүүхдүүдийн 95 хувийг вакцинжуулалтад бүрэн хамруулах ёстой гэж үздэг.
Вакцинжуулалтад хүүхдийг ес ба 15-18 сартайд нь хоёр удаа хамруулдаг юм.
2021 онд дэлхий даяар 128,000 хүн улаан бурхнаар амиа алдсаны ихэнх нь вакцинжуулалтад хамрагдаагүй тав хүртэл насны хүүхдүүд байсныг ДЭМБ мэдээлжээ. 2000-2021 оны хооронд вакцинжуулалтын ачаар 56 сая хүнийг үхлээс сэргийлж чадсаныг бас тооцоолсон байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!