Хятадын үйлдвэрлэгчид 2024 онд ОХУ-ын зах зээлд 1.2 сая шинэ суудлын автомашин борлуулах төлөвтэй байгааг Ведомости сонин судалгааны байгууллагуудын гаргасан тоо баримт дээр үндэслэн мэдээлжээ.
Хэрвээ ингэж чадвал ирэх онд Оросын авто зах зээлд Хятадын компаниудын эзлэх хувь хэмжээ 80 хүрэх юм байна. 2024 онд Оросын зах зээлд нийтдээ 1.48 сая шинэ автомашин борлогдох тооцоог “Автостат” судалгааны байгууллага гаргажээ.
Ирэх оны борлуулалтын төлөвийг харвал Chery брэндийн 200,000, Changan брэндийн 180,000, Haval брэндийн 150,000, Geely брэндийн 110,000 автомашин борлогдох юм байна.
Эдгээрээс зөвхөн Haval брэнд ОХУ-д өөрийн үйлдвэртэй юм.
Тула муж дахь энэ үйлдвэр жилд 80,000 автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ.
Тус брэнд ирэх оны эхээр хөдөлгүүрийн үйлдвэрээ Орос улсад нээхээр төлөвлөжээ.
Украины дайн эхэлсний дараа Оросын зах зээлд автомашины томоохон хомсдол үүссэн бөгөөд тэр үеэс хойш Хятадын үйлдвэрлэгчдийн түрэлт эхэлсэн юм.
2022 оны хоёрдугаар сард Оросын зах зээлд Хятадын автомашины эзлэх хэмжээ 9 хувь байсан бол арваннэгдүгээр сард нь 31 хувьд хүрч байжээ.
Улмаар 2023 оны арваннэгдүгээр сард 58 хувьд хүрсэн байна. Энэ хугацаанд Хятадын үйлдвэрийн шинэ автомашины дундаж үнэ 18 хувиар өсөж, 3.14 сая рубльд ($34,000) хүрчээ.
Эх сурвалж: Ведомости
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!