Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэл улс хөрш улсынхаа газар нутгийн гуравны хоёрыг өөртөө нэгтгэх асуудлаар санал хураалт зохион байгуулна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Америк тивийн Венесуэл улс энэ Ням гарагт хөрш Гайана улсын газар нутгийг өөртөө нэгтгэх асуудлаар иргэдийн дунд санал хураалт зохион байгуулах гэж байна.

Үүнийг угтуулан өчигдөр НҮБ-ын дэргэдэх Олон Улсын Шүүх (IJC) “одоогийн нөхцөл байдлыг өөрчлөх аливаа арга хэмжээ авахаас татгалзах”-ыг Венесуэлийн эрх баригчдад анхааруулжээ.

Гэхдээ санал хураалтыг шууд хориглох талаар дурдаагүй байна.

Венесуэл, Гайана улсуудын дунд Эссекибо голын сав газар олон жилийн турш маргаантай байсан юм.

Ширэнгэ ойгоор бүрхэгдсэн 160,000 км.кв энэ нутаг газрын тос, алт, зэсийн арвин нөөцтэй, Гайана улсын нутаг дэвсгэрийн гуравны хоёр орчмыг бүрдүүлдэг.

Гайана улсын 800,000 орчим хүн амын 120,000 нь Эссекибод оршин суудаг байна.

зураг
 

Ням гарагийн санал хураалтаар Эссекибогийн оршин суугчдаас Венесуэл улсын бүрэлдэхүүнд тус бүс нутгийг муж болгон нэгтгэх эсэхийг асуух юм.

Испанийн колоничлолоос гарсан 1811 оноос хойш Венесуэлийн эрх баригчид Эссекибог өөрийн газар нутаг хэмээн маргаж эхэлсэн байна.

Хоёр улс одоогийн хилээ 1899 онд тохиролцсон ч 1962 оноос эхлэн Венесуэл улс дахин газар нутгийн маргаанаа үргэлжлүүлэх болжээ.

Гайана улс нь Британийн колони байсан юм. Венесуэлийн эрх баригчид Гайана улсын нутаг дэвсгэрийн дундуур урсдаг Эссекибо голыг хоёр улсын хил байх ёстой гэж үздэг.

2015 онд ExxonMobil компани Эссекибод газрын тосны томоохон орд илрүүлсэн нь газар нутгийн маргааныг улам эрчимжүүлжээ.

Гайана улс одоо нэг хүнд ногдох газрын тосны нөөцөөр дэлхийд тэргүүлдэг. Сүүлийн байдлаар тус улсын газрын тосны нөөц 10 тэрбумд баррельд хүрсэн нь Кувейт, Арабын Нэгдсэн Эмират улсуудынхаас ч даваад байгаа.

Санал хураалтын үр дүн эерэг гарвал Венесуэл улс цэргийн хүчээр Эссекибог өөртөө нэгтгэж болзошгүй хэмээн Гайаны засгийн газар болгоомжилж байна.

“Эссекибо бол Гайаны ард түмний нутаг байсаар ирсэн, байх ч болно. Энэ бүс нутагт оршин суудаг хүмүүс англиар ярьдаг, Гайаны засгийн газарт татвар төлдөг, манай үндсэн хуулийг дагаж, мөрддөг, өөрсдийгөө гайаначууд гэж нэрлэдэг. Тиймээс энэ нутаг Венесуэлтэй ямар ч холбоогүй юм” гэж Гайаны гадаад хэргийн сайд Хью Тодд мэдэгджээ.

Тэрбээр цааш нь “Хил орчмын оршин суугчид маш их санаа зовж байна. Мадуро бол харгис удирдагч, харгис удирдагчийн үйлдлийг урьдчилан таахад маш хэцүү” гэж Венесуэлийн ерөнхийлөгчийн талаар ярьсан байна.

 

Эх сурвалж: Aljazeera