Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын армийн үйл ажиллагааг шүүмжилдэг байсан генерал эхнэрийн хамт учир битүүлэг шалтгаанаар амиа алджээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Оросын армид шүүмжлэлтэй ханддаг байсан генерал гэртээ амиа алдсан байсныг өнгөрсөн долоо хоногт олжээ.

68 настай дэслэгч генерал Владимир Свиридов, түүний эхнэр 72 настай Татьяна нарын цогцсыг Лхагва гарагт Ставрополийн хязгаар дахь гэрийнх нь унтлагын өрөөнөөс олсон байна.

Тэднийг амиа алдаад долоо орчим хоносны дараа олсон гэж Оросын хэвлэлүүд мэдээлжээ.

Свиридов 2005-аас 2009 оны хооронд Оросын Агаарын Зэвсэгт Хүчний зургаадугаар армийн командлагчаар ажиллаж байсан юм.

Талийгаачдын цогцсоос ямар нэг хүч хэрэглэсэн ул мөр олдоогүй, урьдчилсан шинжилгээгээр биеэс нь ямар нэг хортой бодис илрээгүйг хэвлэлүүд мэдээлжээ.

Армийн командлагчаар ажиллаж байх хугацаандаа Свиридов хэвлэлд зэвсэгт хүчний үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан ярилцлага хэд хэдэн удаа өгч байсан гэдэг.

“Нисгэгч нар байлдааны бэлэн байдалд байхын тулд жилд 100 орчим цагийн нислэг үйлдэх ёстой. Гэтэл бид үүнд огт хүрэхгүй байна. Одоогоор армийн нисгэгчдийн дундаж хугацаа 25-30 цаг байгаа” гэж тэр нэг удаа ярьж байжээ.

Свиридов өөр нэг ярилцлагадаа армийн офицеруудын ур чадвар дутмаг, сайн бэлтгэгдэхгүй байгааг мөн шүүмжилж байсан байна.

Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхэлсэн цагаас хойш Кремлийн бодлогыг шүүмжлэгчид учир битүүлэг шалтгаанаар амиа алдах явдал улам нэмэгдсэн юм.

Хамгийн сүүлд Оросын батлан хамгаалах яамны удирдлагыг хүчтэй шүүмжилдэг байсан Вагнер хувийн зэвсэгт хүчний тэргүүн Евгений Пригожин энэ оны наймдугаар сард онгоцны ослоор амиа алдсан.

Свиридовын үхлийн талаар Кремль одоогоор ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.

“Би түүний үхлийн талаар мэдээг сонсоод зүрх шимширч байна. Хүндлүүлэх хэмжээний хүмүүс ийм байдлаар хорвоогоос явж байгаа нь шившигтэй юм” гэж ОХУ-ын хошууч генерал Владимир Попов ярьсныг news.ru сайт нийтэлжээ.

 

Эх сурвалж: РИА Новости, Business Insider