Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улсад болсон дуудлага худалдаагаар Наполеоны малгай $2.1 саяын үнэ хүрлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Франц улсын нийслэл Парис хотын ойролцоо зохион байгуулагдсан дуудлага худалдаанд Наполеон Бонапартын малгай 1.932 сая еврогийн ($2.1 сая) үнээр зарагджээ.

Энэ нь Наполеоны малгайнуудаас хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол юм байна.

Өчигдрийн дуудлага худалдааг зохион байгуулсан Osenat байгууллага 2014 онд Францын эзэн хаан агсны өөр нэг малгайг зарахад 1.884 сая еврогоор Өмнөд Солонгосын нэг бизнесмэн худалдаж авч байжээ.

Энэ удаагийн худалдан авагчийн хувийн мэдээллийг нууцалж байна.

Францын далбааны хөх, цагаан, улаан өнгөтэй тэмдгээр чимэглэсэн Наполеоны бикорн загварын хар өнгийн малгайг өмчлөхөөр дэлхийн орон орны хүмүүс өрсөлдсөн тухай Osenat мэдээлжээ.

зураг
 

Уг малгайг эзэмшиж байсан Францын бизнесмэн Жан-Луй Нуасиез өнгөрсөн онд нас барсан юм байна.

Өчигдрийн дуудлага худалдаагаар Нуасиезын цуглуулгад байсан Наполеоны бусад эд зүйлсийг бас үнэ хаялцуулан заржээ.

Зохион байгуулагчид малгайг анхны дуудсан 600,000-800,000 еврогийн үнээс хоёр дахин өндөр үнэ хүрнэ гэсэн тооцоотой байсан нь ийнхүү бараг дөрөв дахин өссөн байна.

Наполеон Бонапарт 15 жил гаруй хугацаанд засгийн эрхийг барихдаа бикорн загварын 120 орчим малгай өмсөж байсан гэдэг. Тэдгээрийн ихэнх нь өнөөдрийг хүртэл үлдээгүй юм.

Тухайн үеийн офицеруудаас ялгаатай нь Наполеон ийм малгайг үргэлж хөндлөн өмсдөг байсан нь бусдаас онцгой харагдуулдаг байжээ.

Тэрбээр Францын хувьсгалын гол удирдагчдын нэг болон тодорч, бүгд найрамдах улсын анхны консулаар ажиллаж байв.

Дараа нь 1804 онд өөрийгөө эзэн хаанд өргөмжилсөн юм.

Уотерлугийн тулаанд Британи, Пруссын армид ялагдсаныхаа дараа Наполеон 1815 онд Атлантын далайн Ариун Еленийн аралд цөлөгдөж, 1821 онд тэндээ нас барсан байна.

Өчигдрийн дуудлага худалдаа Наполеоны намтраар бүтээсэн шинэ кино нээлтээ хийхээс хэдхэн өдрийн өмнө болсноороо онцлог юм.

Уг киног Ридли Скотт найруулж, Хоакин Феникс гол дүрийг бүтээжээ.

 

Эх сурвалж: AFP