Санхүүгийн зохицуулах хороо Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран үнэт цаасны салбарт мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ФАТФ-ын зөвлөмж, стандартыг үр дүнтэй биелүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор “Комплаенсын эрсдэлийг удирдахуй” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн байдлаар хөрөнгийн зах зээл тэр дундаа үнэт цаасны салбарт нийт 608 зохицуулалттай этгээд, хувьцаат компани үйл ажиллагаагаа явуулж байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгох, санхүүжилтийн зардлыг бууруулах чиглэлд бид бодлогын хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаж байгааг та бүхэн мэднэ.
Энэ бүхний үр дүнд нь хувьцаат компаниудын засаглалын чанарыг сайжруулах замаар санхүүгийн тогтвортой байдлыг дунд, урт хугацаандаа хангах, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх зорилготой. Үүний тулд санхүүгийн зах зээлд оролцогчид болон иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх асуудал ч чухал байгаа тул энэ хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэдгийг онцолсон юм.
Хэлэлцүүлэгт үнэт цаасны зах зээлд оролцогчдын 80 гаруй төлөөлөл оролцож үнэт цаасны зах зээл дэх комплаенсын эрсдэлийг хэрхэн тодорхойлох, хөрөнгө оруулалтын менежментийн компани болон хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа ба комплаенсын эрсдэлийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн харилцагчийг таньж мэдэх ажиллагаа ба мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцсэний зэрэгцээ мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдэлд суурилсан зохицуулалтын болон хяналт шалгалтын тогтолцоог хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, үнэт цаасны салбарын хууль эрхзүйн орчин, цаашид хийх арга хэмжээний талаар мэдээлэл авч санал солилцлоо.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!