ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

А.Отгонцэцэг: Нөхөр маань өндрөөс унаж нас барсан уу, үгүй юу гэдгийг батлахад физикчдийн туслалцаа хэрэгтэй байна

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 10 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Талийгаач Г.Ганжаргалын эхнэр өнөөдөр шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төвийн үүдэнд гурав дахь удаагаа хийгдэж буй бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг үнэн, зөв шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахыг шаардаж суулт зарлах гэж байгаагаа мэдэгдэв. 

Тэрбээр нөхрийнх нь нас барсан шалтгааныг “Амиа хорлолт” гэж гаргасан шүүх шинжилгээний дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа бөгөөд өндрөөс унаж амиа хорлосон гэдэг нь баримттайгаар нотлогдохгүй байна гэж үзэж байгаа аж. 

Талийгаачийн ар гэрийнхэн "Ганц Монголдоо биш олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн доктор хүн амиа хорлоод үхчихнэ гэж байдаг юм уу, өмнө нь олон жил уулзаагүй дүүтэйгээ хөдөө явна гээд төлөвлөчихсөн байсан хүн ямар шалтгаанаас болж амиа хорлох юм бэ?" гэдгийг хэлж байв. 

Ар гэрийнхнийх нь зүгээс талийгаач олон шарх, зулгаралттай, хувцас нь урагдсан байсан эдгээрийг өндрөөс унаад авах боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд яагаад эдгээр нь үүссэн болохыг энэ удаагийн дүгнэлтээр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлуулахыг хүсэж байгаа аж.

Мөн сар хүрэхгүй хугацаанд хэргийг яаравчлан хаах гэсэн үйлдэл болон хурууны хээг нотлох баримтын шаардлага хангахгүйгээр буруу авсан, тэр үед хамт байсан сэжигтэн гэж хэлж болохуйц эмч нар нь шинжээчийн багт нь орох гэж байгаа зэрэг үйлдлийг ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж хардаж байгаа юм байна. 

"Физикчид, кримнологичид, математик суурьтай мэргэжлийн хүмүүс холбогдоорой. Бидний эцсийн найдвар болоод байна" 

Талийгаач Г.Ганжаргалын эхнэр "Энэ хүн өндрөөс унасан юм уу, үгүй юу гэх нөхцөл байдлыг тодруулахын тулд физикийнхнийг оролцуулах хэрэгтэй. Өгөгдлүүд нь тодорхой байгаа. Үүнийг мөрдөгч зургаадугаар сард Монголын урдаа барьдаг бүх физикчидтэй уулзаж аман байдлаар зөвшөөрөл авсан. Физикчид өндрөөс унасан унаагүй гэдгийг нь тогтоох боломжтой, чадна гэсэн.

Зөвшөөрөл авах гэтэл прокурор Хууль зүй, дотоод хэргийн сайдын шинэчлэн гаргасан журамтай холбоотойгоор физикийн тусгай мэдлэг бүхий мэргэжилтнүүдийг шинжээчийн бүрэлдэхүүнд оролцуулж дүгнэлт гаргах боломжгүй боллоо гэж хэлсэн. 

Үүний дараа оролцуулаад өгөөч ээ гээд хэвлэлийн бага хурал хийж шүүх эмнэлгээс болно гэсэн албан бичиг авсан. Эргээд физикчид руугаа хандсан боловч боломжгүй гээд татгалзчихлаа. Яагаад татгалзчих ваа. Оролцоод өгөөч ээ гэж хүсмээр байна. 

Өгөгдлүүд нь бүгд байна. Физикчид, кримнологичид, математик суурьтай мэргэжлийн хүмүүс бүгд холбогдоорой. Унасан унаагүй гэх нөхцөл байдлыг тогтооход бидний эцсийн найдвар болоод байна" гэв.