ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Гадил жимсний томоохон бизнесийн өв залгамжлагч Эквадорын ерөнхийлөгчөөр сонгогдлоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Америк тивийн Эквадор улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулагдлаа.

Энэ сонгуульд улс төрийн туршлага багатай, гадил жимсний томоохон бизнесийн өв залгамжлагч, 35 настай Даниэл Нобоа ялжээ.

Саналын хуудасны 96 хувийг тоолсны дараах байдлаар тэр сонгогчдын 52.2 хувийн саналыг авсан байна. Түүний өрсөлдөгч зүүний чиг баримтлалтай хуульч Луйза Гонзалез 47.8 хувийн санал авчээ.

Нобоад одоо улс орондоо хууль ёсыг тогтоож, гэмт хэргийг бууруулах хүнд үүрэг хариуцлага тулгарч байна.

Эквадор улс сүүлийн жилүүдэд олон улсын хар тамхины худалдааны гол зам болж, гэмт хэрэг хүчирхийлэл урьд өмнө байгаагүй хэмжээнд өсөөд байгаа. Аллага хүчирхийлэл энэ удаагийн сонгуулийг ч тойрч гараагүй.

Нобоатай өрсөлдөж байсан нэр дэвшигчдийн нэг Фернандо Виллависиенсо наймдугаар сарын 9-ний өдөр гудамжинд буудуулж алагдсан юм.

Нобоа 2021 онд улс төрийн замналаа эхэлж, тус улсын парламент болох Үндэсний Ассамблейн гишүүн болж байжээ. АНУ-д боловсрол эзэмшсэн тэрбээр 18 настайдаа үйл явдал, арга хэмжээ зохион байгуулдаг компани үүсгэн байгуулсан байна.

Дараа нь тэр аавынхаа эзэмшлийн Noboa Corp компанид худалдаа эрхэлсэн захирлаар ажиллаж эхэлжээ.

Түүний эцэг Алваро Нобоа нь Эквадорын хамгийн баян хүн бөгөөд

тус улсын гол экспортын бүтээгдэхүүн болох гадил жимсний тариалан, худалдаагаар баяжсан нэгэн юм.

Noboa Corp нь дэлхийн олон улсад 128 салбар компанитай.

Алваро Нобоа таван удаа ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлээд бүгдэд нь ялагдаж байжээ.

Гэхдээ залуу Нобоагийн бүрэн эрх 2025 оны тавдугаар сар хүртэл үргэлжилнэ. Учир нь тэр төрийн өмчийн компанитай холбоотой авлигын хэргээр хугацаанаасаа өмнө чөлөөлөгдсөн өмнөх ерөнхийлөгч Гиллермо Лассогийн үлдсэн хугацааг гүйцээж ажиллах юм.

Лассогийн засаглаж байсан 2022 онд Эквадорт аллагын хэрэг 4,600 гарсан нь 2021 оны тооноос хоёр дахин өссөн, тус улсын түүхэнд байгаагүй өндөр тоо болж байжээ.

2023 оны эхний хагасын байдлаар 3,568 аллагын хэрэг бүртгэгдээд байгаа.

Мексик, Колумбын хар тамхины картелиуд тус улсын дотоодын гэмт хэрэгтнүүдийг үйл ажиллагаандаа ашиглах болсноос хүчирхийлэл ийнхүү нэмэгдсэн юм.

 

Эх сурвалж: Associated Press