Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

"2024 онд гадаадын банк, санхүүгийн байгууллагыг оруулж ирж, эдийн засгийг солонгоруулах үндсэн бодлого баримтална"

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкнаас ирүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван тус төслийг "Ирэх жил Монголбанк мөнгөний бодлогын 13 хувийн хүүг хэвээр барина. Дэлхийн эдийн засгийн орчны тодорхой бус байдал, түүхийн эдийн үнийн хэлбэлзэл өндөр байгаа. Тиймээс эдийн засгийн сэргэлтийг цаашид хадгалахын тулд гадаад дотоод орчны тэнцвэрийг хангахад чиглэсэн бодлыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. 

Инфляцыг дунд хугацаанд зургаа дээр нэмэх хасах хоёр нэгж хувийн интервал тогтворжуулах мөнгөний бодлогын үргэлжлүүлнэ. Цаашид Монголбанкны мөнгөний бодлогын хороо инфляцыг төв банкны зорилтот түвшинд тогтворжих хүртэл зайлшгүй шаардлагатай мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээг авна. 

Төсвийн өндөр зардал импортыг өдөөж валютын гарах урсгалын нэмэгдүүлж байгаа нь төлбөрийн тэнцлийн нөхцөлийг муутгаж болзошгүй байна. Тиймээс улсын санхүүгийн нөөц чадавхыг хамгаалахад онцгой анхаарсан хатуу мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ" хэмээн танилцуулав. 

Мөн ажлын хэсгийн ахлагчийн хувьд УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгөхдөө тус төсөлд Монголбанкнаас баримталж буй бодлогын юу талаар дурдсаныг түүвэрлэн хүргэж байна. 

  • Уул уурхайн бус салбарыг урт хугацаанд хүү бага, өртөг багатай санхүүжилтээр хангах хэрэгтэй. Тиймээс төв банкнаас ирэх 2024 онд гадаадын банк санхүүгийн байгууллагыг оруулж ирж эдийн засгийг солонгоруулах үндсэн бодлого баримтална.
  • Ипотекийн зээлийг энэ жил Монголбанк хариуцна. Ингэхдээ орон нутагт 16 тэрбум төгрөгийн хүүгийн төлөөс төлөхөөр төсөвт тусгасан. Орон нутагт ипотекийн зээл олголт 16.5 хувьтай байгаа. Төв банкны зүгээс цаашдаа орон нутагт инфляцыг чиглүүлэх нь зүйтэй гэсэн бодлогыг баримталсан. Орон нутагт ипотекийн зээл авч буй иргэний зээлийн дээд хэмжээг 150 сая төгрөгт хүргэсэн. 
  • Манай улс 53 их наяд төгрөгийн эдийн засагтай. Түүнээс 30 орчим их наяд нь өрхийн эдийн засаг юм. Түүнээс жилд гурван их наядыг зөвхөн инфляцад алддаг.
  • Инфляцыг бууруулахын тулд төв банкнаас бодлогын төлөвийг хатуу орчинд барих л сонголт байгаа. Төсөв тэлэлт байгаа үед төв банк мөнгөний хатуу бодлогыг баримтлахаас өөр арга байхгүй. 
  • Зээлийн өсөлт 13.5 хувтай байгаас 8.8 хувь нь хэрэглээний зээлийн өсөлт юм. Бизнесийн зээлийн өсөлт харьцангуй бага байгаа. Инфляцыг бууруулсны дараа бизнесийн зээлийн өсөлтийг нэмэгдүүлэх ёстой.