ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Японы Нагояа хотод урсдаг шатаар алхах нь бүдүүлэгт тооцогддог болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Япон улсын Нагояа хотод энэ сарын эхний өдрөөс урсдаг шатаар өгсөж, уруудаж алхахгүй байх дүрэм хэрэгжиж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл олон нийтийн газарт урсдаг шатаар зорчихдоо хөдөлгөөнгүй зогсохыг хүмүүст зөвлөх болсон байна.

Гэхдээ энэ дүрэм нь заавал мөрдөх журам биш, ёс зүйн хэм хэмжээ болж буй тул зөрчвөл ямар нэг шийтгэлгүй ч бүдүүлэг үйлдэлд тооцогдох болжээ.

Японд хүмүүс урсдаг шатаар зорчихдоо зүүн гар талдаа зогсож, уруудаж, өгсөж алхах гэсэн хүмүүст баруун гар талдаа зай тавьж өгдөг.

Харин Нагояа хотын оршин суугчид шинэ дүрмийн дагуу урсдаг шатны аль ч талд ялгаагүй зогсож зорчих ёстой болж байна.

Шинэ дүрэм гаргах болсон шалтгаан нь сүүлийн үед урсдаг шатаар өгсөж, уруудаж алхах хүмүүс зогсож буй хүмүүстэй мөргөлдөх, цүнх эд зүйлсийг нь татаж унагах, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүмүүсийн тэнцвэрийг алдагдуулж унагах зэрэг явдал гарах болсонтой холбоотой юм байна.

Нагояа хот нь урсдаг шатаар хөдөлгөөнгүй зорчих дүрэмтэй болсон Японы хоёр дахь засаг захиргааны нэгж юм. 2021 оны аравдугаар сард  Сайтама мужид ийм дүрэм гаргасан ч амжилттай хэрэгжиж чадаагүй юм байна.

 

Эх сурвалж: Kyodo News