Өчигдөр Берлин хотноо Германы канцлер Олаф Шольцтой уулзсан Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев эдийн засгийн хориг арга хэмжээнээс зайлсхийхэд нь ОХУ-д туслахгүйгээ амлажээ.
“Казахстан улс хориг арга хэмжээний дэглэмийг дагаж мөрдөхөө хоёрдмол утгагүйгээр мэдэгдэж байна” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.
Хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан орнууд Украины дайны улмаас ОХУ-д тавьсан Өрнөдийн эдийн засгийн хоригийг зөрчиж, зарим бараа материал реэкспортолж байж болзошгүй гэсэн сэжиг яригдаж байгаа.
Казахстан улс нь ОХУ-тай 7,500 км зурвасаар хил залгадаг, Москвагийн ойрын түншүүдийн нэг. Гэхдээ тус улсын эрх баригчид Украины эзлэгдсэн бүс нутгуудыг Оросын нэг хэсэг болсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг дагаж мөрдөхийн тулд Казахстан улс холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа учраас Германы талд санаа зовох зүйл байхгүйг Токаев өчигдөр илэрхийлжээ.
Тэр энэ үеэр бас Казахстан улс ОХУ-тай ямар нэг газар нутгийн маргаан байхгүйг батлан хэлсэн байна.
“Казахстан, ОХУ-ын хоорондын хилийг тогтоож, баримтжуулж, хоёр улсын парламентаар баталгаажуулсан. Тиймээс бид Оросын талаас маргаан үүсгэнэ гэдэгт санаа зовохгүй байна” гэж Токаев хэлжээ.
Сүүлийн саруудад Казахстаны умард хилийн бүс нутагт зарим иргэд Оросыг дэмжиж, салан тусгаарлах үзэл санаа илэрхийлсэн цөөн тохиолдлууд гарч, эрх баригчид хуулийн дагуу арга хэмжээ авч байгаа.
Германы канцлер Шольц өнөөдөр Казахстан, Киргизстан, Узбекистан, Туркменистан, Тажикистаны удирдагчидтай хамтарсан уулзалт зохион байгуулах юм.
Энэ нь Төв Азийн таван улсын удирдагчид Европын Холбооны гишүүн улсын нутаг дэвсгэрт цугларсан анхны тохиолдол болж байгаа юм байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!