ЗХУ нь өөрийгөө дэлхийн хамгийн их уншдаг оронд тооцдог байв. 1970-80 онд жилд хоёр тэрбум ширхэг ном товхимол гаргадаг байсан нь үнэхээр том тоо. Зөвлөлтийн нэг иргэнд жилд найман ном оногддог байж.
Ном худалдаж авах урт дараалал үүсдэг байсан нь бахархмаар үзэгдэл байв.
Харин ЗХУ задарсны дараа номын тоо ч буурч, хүмүүсийн унших сонирхол ч багассан билээ.
Өнөөдөр хүн амын 37 хувь огт ном уншдаггүй гэсэн баримт байна. Мөн 55 хувь нь сард ядаж нэг удаа ном гартаа барьдаг гэнэ. Харин сонин хэвлэлийг арай илүү буюу 59 хувь нь уншдаг ажээ.
Өөрөөр хэлбэл өнөөдөр Оросууд мэдээлэл авах гэж л уншдаг болсон байна. Харин урьд нь таашаал авах гэж уншицгаадаг байв.
Өнөөдөр Оросууд ном олж авах хуучин арга замуудаа үргэлжлүүлэн ашигласаар байна. 22 хувь нь дэлгүүрээс худалдаж авдаг, 13 хувь нь найзаасаа дамжуулж уншдаг, харин номын сангаас 7 хувь нь авдаг гэнэ.
Интернэтээс авдаг нь 6 хувь л байдаг аж.
Электрон ном авдаг хүмүүс ердөө 2 хувийг эзэлдэг юм байна.
Таашаал авах зорилгоор өдөр бүр уншдаг хүмүүс 13 хувь байдаг бол долоо хоногт хэд хэдэн удаа ном барьдаг хүмүүс 18 хувь нь гэнэ.
Оросуудын 81 хувь дунд сургуулийн уран зохиолын хичээлд дуртай байжээ. Сургуульд байхдаа хамгийн их уншсан гурван номоор Пушкиний “Евгений Онегин”, Гоголийн “Амьгүй албат”, Толсойн “Дайн ба Энх” шалгарчээ.
Дунд сургуулиа төгссөний дараа ихэнх Оросууд Михайл Булгаковын “Мастер Маргетрита хоёр”-ыг давтаж уншсан байдаг гэнэ.
Гэхдээ л өнөөдөр Орос орон дэлхийн топ 10 ном уншдаг улсын жагсаалтанд байсаар байна. Долоо хоногт 7.1 цагийг уншихад зориулдаг нь ихэнх Европчуудаас дээгүүрт тооцогдоно. Оросуудаас илүү гардаг нь ганцхан Чехууд (7.4 цаг) гэнэ. Харин Орос, Чехуудын урд зөвхөн Азийнхан орсон нь сонирхолтой. Үүнд Энэтхэг (10.7 цаг), Тайланд (9.4 цаг), Хятад (8 цаг), Филиппин (7.6 цаг) оржээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!