Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Армени үндэстний салан тусгаарлагчид бууж өгснөөр Уулын Карабахын бүс нутаг Азербайжаны хяналтад шилжлээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Уулын Карабахт байлдааны ажиллагаа эхлүүлээд 24 цаг өнгөрсний дараа Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев тус бүс нутагт хяналтаа бүрэн тогтоосныг зарлалаа.

Армени үндэсний салан тусгаарлагчид бууж өгснөөр ийнхүү олон жилийн турш маргаантай байсан Уулын Карабахын газар нутаг Бакугийн захиргаанд шилжихээр болж байна.

Уулын Карабах нь Азербайжаны нутаг дэвсгэр болохыг олон улсад хүлээн зөвшөөрдөг. Гэвч энэ нутагт олонх болдог 120,000 орчим армени үндэстэн Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойш хөрш Армени улсын бүрэлдэхүүнд нэгдэхээр тасралтгүй тэмцэж ирсэн юм.

Мягмар гарагт Азербайжаны арми “терроризмын эсрэг ажиллагаа” гэгчийг эхлүүлж, Уулын Карабахын салан тусгаарлагчдаас зэвсгээ хаян бууж өгөхийг шаардсан.

Хөрш Армени улсаас ямар нэг дэмжлэг үзүүлээгүй тул салан тусгаарлагчид удалгүй бууж өгсөн юм.

Байлдааны ажиллагааны үеэр 32 хүн амиа алдсаны долоо нь энгийн иргэд байсныг Арменийн албаныхан мэдээлжээ.

Мөн 200 орчим хүн шархадсан гэсэн байна.

Харин Уулын Карабахын салан тусгаарлагчдын захиргаа 200 гаруй хүн алагдаж, 400 орчим хүн шархадсан тухай мэдээлжээ.

Энэ үеэр Арменийн нийслэл Ереван хотод олон мянган хүн эсэргүүцлийн жагсаалд оролцож, Азербайжаны ажиллагааны эсрэг хариу арга хэмжээ аваагүй ерөнхий сайд Никол Пашиняныг огцрохыг шаардаж байв.

Оросын энхийг сахиулагчдын зуучлалаар Лхагва гарагийн 13:00 цагт талууд галаа зогсоосон байна. Гал зогсоохоос өмнө армени үндэстний салан тусгаарлагчдаас 90 гаруй байрлалыг чөлөөлснөө Азербайжаны арми мэдээлжээ.

Гал зогсоох гэрээний нөхцөлийн дагуу Уулын Карабахын салан тусгаарлагчид зэвсгээ хураалгаж, Армени улс зэвсэгт хүчний ангиудаа энэ бүс нутгаас татахаар болсон байна. Гэхдээ Армени улс Уулын Карабахт цэрэг оруулснаа хүлээн зөвшөөрдөггүй юм.

Азербайжаны Евлах тосгонд өнөөдөр Армени үндэстний салан тусгаарлагчидтай Уулын Карабахыг Бакуд “дахин нэгтгэх” асуудлаар яриа хэлэлцээ эхлэхээр болсныг Азербайжаны ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Евлах нь Уулын Карабахын төв Ханкенди хотоос (армени үндэстнүүд Степанакерт гэж нэрлэдэг) умар зүгт 100 км зайтай оршдог юм.

Ерөнхийлөгч Илхам Алиев нутгийн хүн амын эсрэг ямар ч үйл ажиллагаа явуулахгүйгээ амласан байна.

Гэсэн хэдий ч Уулын Карабахын арменичууд хөрш Армени улс руу дүрвэж эхэлжээ.

Оросын энхийг сахиулагчид Азербайжаны ажиллагаа эхэлснээс хойш Карабахын тосгодоос 2,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлснээ мэдээлсэн байна.

Арменийн ерөнхий сайд Никол Пашинян гал зогсоох гэрээ байгуулахад засгийн газар нь оролцоогүйг батлаад нутгийн хүн амын аюулгүй байдлыг Оросын энхийг сахиулагчид бүрэн хариуцахыг мэдэгджээ.

Азербайжаны нутаг дэвсгэрээр хүрээлэгдсэн Уулын Карабах нь Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойш Бакугийн захиргаанд ороогүй байсан юм. Өнгөрсөн хугацаанд Азербайжан, Армени улсууд энэ нутгийг өөртөө нэгтгэхээр хоёр удаа дайтаж байв.

2020 онд зургаан долоо хоног үргэлжилсэн дайны дараа Туркийн дэмжлэгтэй Азербайжаны арми Уулын Карабахын зарим хэсгийг эзэлж, хөрш Армениас улам тусгаарласан юм.

Сүүлийн есөн сарын турш Азербайжаны арми Армени улстай Уулын Карабахыг холбодог цорын ганц зам болох Лачины коридорыг хааснаар салан тусгаарлагчид Ереванаас ямар ч дэмжлэг авах боломжгүй болжээ.

2020 оны дайны дараа ОХУ энэ бүс нутагт 2,000 орчим энхийг сахиулагч байрлуулах болсон ч Украины дайны улмаас нөлөө нь суларч, талуудыг зөрчил мөргөлдөөнөөс сэргийлэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн юм.

Энэ оны тавдугаар сард Армени улсын ерөнхий сайд Никол Пашинян нутгийн армени хүмүүсийн аюулгүй байдалд баталгаа өгсөн тохиолдолд Уулын Карабах Азербайжаны нэг хэсэг болохыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаагаа илэрхийлж байжээ.

Уулын Карабахыг хамгаалахад тусалж чадаагүй ОХУ-д Арменийн эрх баригчид сэтгэл дундуур байгаагаа нуухаа больж, Өрнөдтэй улам ойртох болсон юм. Саяхан Армени улс АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилалт эхлүүлсэн. Энэ сарын эхээр Киев хотод болсон хуралд Пашиняны гэргий Анна Хакобян оролцохдоо Украины ерөнхийлөгч Зеленскийтэй уулзаж байв.

Пашинян аюулгүй байдлын асуудлаа ОХУ-д бүрэн даатгасан нь стратегийн том алдаа болсныг гадаадын хэвлэлд саяхан ярьсан юм.

Харин Оросын эрх баригчид Арменийн ашиг сонирхлыг хамгаалахад тусалж чадаагүй гэсэн шүүмжлэлийг няцаасаар байна.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Хэрвээ Армени улс Уулын Карабахыг Азербайжаны нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бол бид яах ёстой юм бэ?” гэж мэдэгдэж байжээ.

 

Эх сурвалж: BBC