БНХАУ-ын “Аnt Group” өөрийн “Alipay Plus” үйлчилгээндээ Азийн тэргүүлэгч 10 цахим хэтэвчийг нэвтрүүлсэн байна. Ингэснээр тухайн 10 улсын иргэд БНХАУ-д зорчихдоо аливаа төлбөр, тооцоогоо өөрийн улсынхаа цахим хэтэвчээр дамжуулан төлөх боломжтой болсон тухай мэдээ нийтэлснийг Yahoo Finance, Business Wire, China Daily зэрэг олон улсын хэвлэлүүд онцолсон байна.
Эдгээр 10 улсад Монгол, БНСУ, Тайланд, Сингапур, Малайз, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макао, Хонконг зэрэг багтсан байна. Ингэснээр дэлхий даяар 1.4 тэрбум харилцагчтай “Alipay Plus” үйлчилгээ нь нэмж Зүүн өмнөд болон Зүүн Азийн 175 сая хүн амыг хамруулах боломжтой болжээ. БНХАУ-ын “Ant Group”-ын “Alipay Plus” үйлчилгээ нь дэлхий дахины худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг хэрэглэгчтэй холбоход тусалдаг хил дамнасан төлбөр тооцооны цогц шийдэл юм.
Монгол Улсаас “Ant Group”-ын албан ёсны түнш байгууллагаар “Хай Пэймэнт Солюшнс” ХХК-ийн “Hipay” цахим хэтэвч сонгогдон стратегийн хамтын ажиллагааг эхлүүлжээ. Ингэснээр Монгол иргэд Хятад Улсад байх хугацаандаа бүх төрлийн төлбөр тооцоогоо “Hipay” аппликейшнаар дамжуулан “Alipay”-ын QR кодыг уншуулан төлөх боломж бүрджээ. Өөрөөр хэлбэр монгол иргэд дурын банкны картаа “Hipay” аппликейшнтэй холбон БНХАУ-д бэлэн мөнгө авч явах шаардлагагүй хялбараар төлбөр тооцоогоо төлөх боломжтой болсон юм байна.
Эх сурвалж: alipayplus.com, businesswire.com, finance.yahoo.com, chinadaily.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!