Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Кадыровын эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл цацагдсаны дараа сошиал суваг нь түүний дүрс бичлэгийг тараав

Т.Давааням, ikon.mn
2023 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень Улсын ерөнхийлөгч Рамзан Кадыровын эрүүл мэндтэй холбоотой дуулиан сүүлийн өдрүүдэд эрчимжиж байна.

Олон сарын өмнөөс түүний бөөр хүндээр өвчилж, эрүүл мэнд нь муудсан гэх цуурхал тараад байв.

Тэгвэл Баасан гарагт Украины аюулаас хамгаалах албаны эх сурвалж Кадыровын биеийн байдал маш их дордож, үхлүүт байгаа тухай ярьсныг тус улсын Обозреватль сайт мэдээлжээ.

Ням гарагт Кадыровын албан ёсны Телеграм суваг түүний амьд, эрүүл саруул байгааг харуулсан богино хэмжээний дүрс бичлэгүүдийг тараасан байна.

Эхний дүрс бичлэгт Кадыров бороон дундуур алхаж буйг харуулжээ.

Ингэхдээ тэр тасалдсан хоолойгоор ямар нэг юм ярьж, инээмсэглэж байв.

Хоёр дахь дүрс бичлэгт харин тэр өөрөө харагдахгүй, өмнөх бичлэгт явж байсан замыг нь харуулжээ. Энэ үеэр хэн нэгэн “Интернэтээс үнэн худлыг ялгаж чаддаггүй хүмүүст би цэвэр агаарт алхаж, бодол санаагаа цэгцлэхийг зөвлөж байна. Бороо маш их эрч хүч өгдөг” гэж ярьсан байна.

Ярьж буй хүн Кадыров мөн эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Мөн бичлэгүүдийг хэзээ хийсэн нь тодорхойгүй байна.

Одоо 46 настай Рамзан Кадыров 2007 оноос хойш Ар Кавказын бүгд найрамдах улсыг хатуу гараар захирч байгаа.

Тэрбээр хүний эрхийг ноцтой зөрчиж, хамаатан садан, төрөл төрөгсдөөрөө өөрийн тойрон хүрээллийг бий болгосон гэж шүүмжлүүлдэг.

Жилийн өмнө тэр “өөрийнх нь цаг үе ирэх” тухай гэнэт ярьж байв. Эндээс түүнийг ойрын үед эрх мэдлээ бусад шилжүүлж магадгүй гэсэн таамаг яригдаж байсан юм.

Гэтэл хоёр хоногийн дараа Кадыров олон нийтийн санаа бодлыг тандахын тулд ийм зүйл ярьснаа тайлбарлаж байжээ.

 

Эх сурвалж: AFP