Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн эрх баригчид Эль Чапогийн хүүг АНУ-д шилжүүлж өглөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Мексикийн хар тамхины картелын босс Эль Чапо хочит Хоакин Гузманы хүү Овидио Гузманыг АНУ-д шилжүүлж өгөх ажиллагаа Баасан гарагт зохион байгуулагджээ.

Эцэг Гузман одоо АНУ-ын шоронд хоригдож байгаа юм.

Ингэснээр Гузманы гэр бүлтэй нягт холбоотой Синалоа картелтэй хийж буй тэмцэлд томоохон ахиц гарсныг АНУ-ын ерөнхий прокурор Мэррик Гарланд мэдэгджээ.

“Шилжүүлэх ажлыг зохион байгуулсан Мексикийн засгийн газарт би талархаж байна. Манай улс даяар олон хүний амьдралыг сүйрүүлсэн опиоидын тахлыг дэгдээсэн этгээдүүдэд хариуцлага тооцох ажлаа хууль зүйн яам үргэлжлүүлэх болно” гэж Гарланд мэдэгдсэн байна.

33 настай Овидио бол эцгийнхээ байгуулсан хар тамхины эзэнт гүрний өв залгамжлагчдын нэг юм. Түүнийг 2019 онд Кулиакан хотоос баривчилж байсан ч олон хүний цус асгарахаас болгоомжилсон Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор буцаан суллах шийдвэр гаргаж байжээ.

Энэ оны нэгдүгээр сард Синалоа мужийн хойд хэсэгт болсон ажиллагааны үеэр Овидиог дахин баривчилсан юм.

АНУ-ын засаг захиргаа түүнийг бусад ах дүү нарын хамт тус улсын хилээр фентанил хэмээх мансууруулах бодис нэвтрүүлэх ажлыг зохион байгуулдаг гэж үздэг. Маш аюултай энэ бодисыг хэрэглэсэн 200 орчим америк хүн өдөр бүр амиа алддаг гэсэн тоо бий.

АНУ-ын хуулийнхан түүнийг шилжүүлж өгөхийг энэ оны хоёрдугаар сард Мексикийн талаас хүсэж байжээ.

Эцэг Гузманыг 2016 онд мөн Синалоа мужийн нутгаас баривчилснаас хойш жил гаруйн дараа АНУ-д шилжүүлж байв.

Харин түүний хүүг харьцангуй богино хугацаанд шилжүүлж байна.

Эль Чапо одоо АНУ-ын Колорадо мужийн нутагт оршдог өндөр харуул хамгаалалттай “Supermax” шоронд бүх насаараа хоригдох ял эдэлж байгаа.

 

Эх сурвалж: Associated Press