Монгол Улс эх, хүүхдийн эрүүл мэндийн өвчлөлийг бууруулах зорилгоор есдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд “Сэргийлж болох эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг судлах нь” уриан дор “Эх хүүхдийн эрүүл мэнд - Эрдэм судлал” эрдэм шинжилгээний 34 дүгээр хурал зохион байгуулагдаж байна.
Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Алтантуяа "Монгол Улсад сүүлийн жилүүдэд эх, хүүхдийн эндэгдэл тогтвортой буурч байна.
Ковид-19-ийн шалтгаантай эх, хүүхдийн эндэгдэл тэр дундаа эхийн эндэгдэл өссөн. Гэвч Ковид-19-ийн үед маск зүүх зэргээр ариун цэврийг сайтар сахиснаар эсрэгээрээ хүүхдийн өвчлөл буурсан сайн үзүүлэлтэй байгаа.
Харин Ковид-19-өөс хойш эх, хүүхдийн эндэгдэл тогтвортой хэмжээнд буурч байна.
Монгол Улс хөл хориог цаг тухайд нь зөв авсны үр дүнд олон улсад эхийн эндэгдэл их байгаа боловч манайд бага буюу 48 эхийн эндэгдэл гарсан үзүүлэлттэй байна.
Эх, нярайн эндэгдлийг бууруулахад:
Нэгдүгээрт, жирэмсний хяналтад эрт орох нь эх, нярайн эндэгдлийг бууруулах хамгийн гол хүчин зүйл болдог.
Хоёрдугаарт, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах шаардлагатай. Тухайлбал гэр бүл төлөвлөлтийн талаар мэдээллийг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах хэрэгтэй" гэв.
НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Калид Шарифи "Эх, хүүхдийн эрүүл мэнд нь нийгмийн гол асуудал юм. Эхийн эндэгдлийг бууруулахад эрүүл мэндийн салбар, төрөлжсөн төв эмнэлгүүд анхаарч ажиллаж байгаад талархалтай байна.
Эхийн эндэгдэлд гэр бүл төлөвлөлт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний ялгавартай байдал, жендерийн тэгш бус байдал зэрэг нь нөлөөлж, суурь үзүүлэлт болж өгдөг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд хөгжингүй орнуудад энэ төрлийн судалгаа, шинжилгээний ажлууд маш чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл дэлхий нийтээрээ судалгаа, шинжилгээний ажилд анхаарлаа хандуулж, ач холбогдол өгч байна. Үүнд тулгуурлан салбар дундын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх ёстой. Судалгаа, шинжилгээний хувьд гэр бүл төлөвлөлт, жендерийн тэгш бус байдлыг арилгах, жендерт суурилсан хүчирхийллийг бууруулахад анхаарч эрдэм шинжилгээний ажлуудыг тогтмол хийх нь зөв ажлаа зохион байгуулахад үр дүнгээ өгнө" хэмээн ярилаа.
Уг хурлыг ЭМЯ, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх, Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний төв-II, Амгалан амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Хүрээ амаржих газар хамтран зохион байгуулж байгаа юм.
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, НҮБ-ын хүн амын сангийн суурин төлөөлөлгч Калид Шарифи, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа, Амгалан амаржих газрын ерөнхий захирал Ц.Батболд болон АНУ, БНСУ, Тайвань зэрэг орнуудын 10 гаруй эрдэмтэн, судлаач, докторуудаас гадна салбарын 100 гаруй эмч, мэргэжилтнүүд хуралд оролцож байна.
Эх сурвалж: ЭМЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!