Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Гялс төв нийгмийн хариуцлагын хүрээнд ЭМХТ болон МЭМЛАХ-той хамтран “Гэдэсний халдварын бактериологийн оношилгоо, орчны эрүүл зүйн шинжилгээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

П.Зоригт, IKON.MN
2023 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

“Гэдэсний халдварын бактериологийн оношилгоо ба орчны эрүүл зүйн шинжилгээ” сэдэвт сургалт Гялс төвд өнөөдөр зохион байгуулагдаж байна.

“Гялс” ХХК, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв, Монголын Эрүүл Мэндийн Лабораторийн Ажилчдын Холбоо (МЭМЛАХ)-ноос хамтран зохион байгуулж буй энэхүү сургалтад улс болон хувийн эмнэлгүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож, хамтын туршлагаа хэлэлцэж байгаа юм. 

Энэ үеэр бактериологийн лабораторийн эмч, мэргэжилтэн нарт суулгалт халдварын бичил амь судлалын лабораторийн оношилгоо, орчны эрүүл зүйн шинжилгээг хийх, үр дүнг тайлагнах, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын оношилгооны талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэн, туршлага солилцож байна. 

Эрүүл мэндийн салбарынхныг хамруулсан “Гэдэсний халдварын бактериологийн оношилгоо ба орчны эрүүл зүйн шинжилгээ” сэдэвт сургалтын талаар “Гялс” ХХК-ийн дэд захирал Н.Хишигсүрэнтэй ярилцлаа. 



-Сайн байна уу. Өнөөдөр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулж буй дээрх сургалтын талаар товч танилцуулна уу? 

-Манай компаниас эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтуудыг бусад эрүүл мэндийн салбарынхантайгаа хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ удаад хийж буй гэдэсний халдварт өвчний талаарх сургалтыг өнгөрсөн хавар төлөвлөсөн.

Төлөвлөгөө ёсоор ийнхүү өнөөдөр “Гялс” ХХК, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв, Монголын Эрүүл Мэндийн Лабораторийн Ажилчдын Холбоо (МЭМЛАХ) хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулж байна. 

Энэ зун үргэлжилсэн үер усны гамшигтай холбоотойгоор гэдэсний халдвар яах аргагүй анхаарах сэдэв мөн гэдгийг харлаа.

Улсын болон хувийн хэвшлүүд хоорондоо мэдээллээ хуваалцаж, ижил түвшинд хүрвэл эцсийн дүндээ иргэдэд очих эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирна гэж бид харж байгаа.

-Эрүүл мэндийн салбарынхны дунд хэд дэх удаагийн сургалтаа зохион байгуулж байна вэ? 

-"Гялс" ХХК-ийн хамт олон 2022 оноос МЭМЛАХ-тай хамтран сургалт хийж байгаа. Хоёр удаагийн сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлээд байна. Энэ оны аравдугаар сард дахиад микробиологийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

-Өнөөдрийн сургалтын агуулга гэдэсний халдварт өвчинд чиглэж байна. Сургалтад ойролцоогоор хэчнээн эмч ажилчид хамрагдахаар бүртгүүлсэн бэ? 

-Лабораторийн мэргэжилтнүүд тэр дундаа бактериологи, микробиологиор мэргэшиж буй эмч нарт зориулсан энэхүү сургалтад 70 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ирэх болов уу гэж төлөвлөж, бүртгэл нь явагдсан. Хүссэн эмч мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, туршлагаа хуваалцах боломжтой. 

"Эрүүл мэндийн байгууллагууд дотоод орчны эрүүл зүйн ямар шинжилгээ хийж байгаа тухай арга туршлагаа солилцлоо"

-Сургалтын үеэр эрүүл мэндийн салбарынхан ямар сэдэв агуулгын хүрээнд туршлага судлах вэ?

-Гэдэсний халдварт өвчин гэдэг нь товчхондоо ахуйн замаар бактери эсвэл вирусийн халдвар авснаар тухайн хүний хоол боловсруулах зам үрэвсэж, суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдгээр илэрдэг өвчин. Ялангуяа зун, намрын улиралд их дэгдэлттэй байдаг.

Тиймээс ч бид сургалтын хүрээнд

  • Эхний хэсэгт гэдэсний халдварт өвчин буюу суулгалтын үед бактериологийн ямар шинжилгээ хийвэл зохих вэ, үүнийг улс болон хувийн эмнэлгүүдэд хэрхэн яаж хийж байгаа арга туршлагыг солилцоно. 
  • Хоёрдугаарт орчны эрүүл зүйн шинжилгээний тухай хэлэлцэнэ. Агаар, хөрсний бохирдол зэргээс шалтгаалаад орчны бохирдол их байгаа. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүс эмнэлгээс шалтгаалсан халдварт өвчнөөс сэргийлэх ёстой байдаг. Иймд эрүүл мэндийн байгууллагууд дотоод орчны эрүүл зүйн ямар шинжилгээ хийж байгаа тухай бие биеийнхээ арга туршлагыг солилцох зорилгоор зохион байгуулж байна.
  • Гуравдугаарт шинэ технологийн талаар ярилцах юм. Гялс төв нь шинийг эрэлхийлнэ гэсэн уриатайгаар ард иргэддээ дэлхийн шилдэг технологийг хүргэх эрхэм зорилготой ажиллаж байна. Үүнийхээ хүрээнд хеликобактерын оношилгоог сайжруулж, илүү хялбаршуулсан технологийн талаар танилцуулахаар бэлдсэн. 

-Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг уншигчдад хүргэвэл

-Халдварыг бохирлогдсон ус, хүнснээс авч болно. Мөн гарын ариун цэврээ хангалттай сахиагүй тохиолдолд халдвар авах эрсдэл бий. 

Зарим нэг төрлийн халдварыг даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүн, дутуу боловсруулсан сүү, цагаан идээнээс авч болно. Хэрэв эдгээр хүнс нь халдварт өвчин үүсгэгч бактериар бохирлогдсон бол эрсдэлтэй. Ийм хоол хүнсийг идэх, эсвэл хүрэлцэх үед хоол боловсруулах замд очсоноор өвчний эх үүсвэрийг бий болгодог.  

-"Гялс Төв"-д гэдэсний халдварт өвчний сорьцуудад лабораторийн шинжилгээг хийдэг үү? 

-Гялс төв нь микробиологи болон молекул биологийн чиглэлээр шинжилгээг түлхүү хийдэг. Түүнчлэн гэдэсний халдварт өвчний үед зарим сорьцуудад шинжилгээ хийж байгаа. Хэрвээ манайд энэ төрлийн шинжилгээ хийлгэе гэвэл бүрэн нээлттэй.

Мөн Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-д олон төрлийн шинжилгээ хийдэг.  

-Өнөөдөр улс болон хувийн эмнэлгүүдийн төлөөлөл хамтын туршлагаа хэлэлцэж, сургалтад хамрагдаж байна. "Гялс" ХХК-ийн тухайд ямар туршлагыг танилцуулах вэ?

-Гялс төв нь анхны хувийн хэвшлийн лаборатори бөгөөд 26 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Өнөөдрийн бидний танилцуулах туршлага бол дээр дурдсанчлан гэдэсний халдвар, суулгалтын үед ямар сорьц, дээжийг авч байгаа, шинжилгээг хэрхэн ямар технологиор хийж байна, үүний давуу тал, шинжилгээг яавал илүү сайн хийх зэргийг танилцуулна.

"Антибиотикийг замбараагүй хэрэглэвэл бактерийн халдварын үед уух эмгүй болох асуудлыг ДЭМБ-аас ярьж байна"

зураг
 

-Эмнэлгээс шалтгаалсан халдварт өвчний талаар өнөөдөр мөн ярилцана гэсэн үү?

-Өвчтөнүүд эмнэлгийн орчин дахь бактериудаас халдвар авах эрсдэл тодорхой хэмжээнд байдаг. Хэвтэн эмчлүүлэгчдийг ийм эрсдэлд учруулахгүйн тулд орчны шинжилгээ хийж, хэрвээ бактери илэрвэл халдваргүйдэл, ариутгалын арга хэмжээг авч зохицуулах шаардлагатай болдог. Өнөөдрийн сургалтын үеэр лабораториуд энэ талаар харилцан туршлагаа хуваалцана.

-Микробиологи, бактериологийн шинжилгээ өгөхийн ач холбогдол нь юу вэ?

-Зарим хүн микробиологи, бактериологийн шинжилгээ хэт үнэтэй гэж хэлэх нь бий. Улмаар шинжилгээ өгөлгүй шууд антибиотик аваад уух хандлага ажиглагддаг.  Өнгөц харахад шинжилгээний үнэ хөлс хэмнэж байгаа мэт боловч сөрөг нөлөө ихтэй. 

Энэ төрлийн шинжилгээгээр тухайн өвчин, эмгэгт нь яг тохирсон антибиотикийг гаргаж ирдэг. Ингэж шинжилгээнд хамрагдаад тохирсон антибиотикоо хэрэглэвэл бага зардлаар хурдан эдгэж, оновчтой эмчилгээ хийлгэнэ гэсэн үг.

Дараагийн асуудал нь антибиотикийн замбараагүй хэрэглээнээс болоод өвчний бактериуд антибиотикт үхэхээ больдог. Үүнийг "антибиотикт тэсвэртэй болох" гэж хэлдэг. Бактериуд антибиотикт үхэхээ болино гэдэг бол тухайн тэсвэржсэн бактериар халдвар авч, өвчилбөл хүндрэх эрсдэл төдий чинээ нэмэгдэнэ. 

-Дур мэдэн антибиотик хэрэглэхийн цаад хоруу уршгийг бид ойлгох хэрэгтэй байх нь. 

-Тийм ээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас гаргасан тоон мэдээгээр 2050 он гэхэд антибиотикт тэсвэржсэн нянгийн халдвараар нас барах нь бусад осол гэмтэл, хавдраас илүү болох аюул занал байна гэж үзэж байгаа. Энэ маягаар замбараагүй хэрэглэвэл бактерийн халдварын үед уух антибиотикгүй болох асуудал яригдаж байна. 

Дунд болон бага орлоготой орнуудад бактерийн антибиотикт тэсвэржсэн байдал нь өндөр хувьтай гарсан байдаг. Монгол Улсад хийгдсэн судалгаагаар ч маш өндөр гардаг.

Сөрөг үр дагавар их, аюултай асуудал учраас үүнийг иргэдэд ойлгуулахын тулд эхлээд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хоорондоо нэгдсэн ойлголттой болж, цаашид олон нийтэд нэгдсэн мэдээлэл өгөхөд сургалт маань бага ч болтугай нэмэр болох байх гэж бодсоны үндсэнд өргөн хүрээнд зохион байгуулахыг эрмэлзлээ.