Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Путиний эсрэг тэмцэгч Якут бөөгийн хүсэлтийг Оросын шүүх хүлээж авсангүй

Т.Давааням, ikon.mn
2023 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хэдэн жилийн өмнө Кремлийн ордноос ерөнхийлөгч Путинийг зайлуулах зорилготой Москва хот руу алхаж байсан Якутын бөө одоо чанга дэглэмтэй сэтгэцийн эмнэлэгт албадан эмчлүүлж байгаа юм.

Тэрбээр саяхан өөрийгөө жирийн дэглэмтэй эмнэлэгт шилжүүлэх хүсэлт гаргасныг Уссурийск хотын шүүх хэлэлцээд татгалзсан хариу өгчээ.

Бөө Александр Габышевын өмгөөлөгч Алексей Прянишников шүүх ямар нэг үндэслэлгүйгээр ийм шийдвэр гаргасан тухай өчигдөр орон нутгийн хэвлэлд мэдээлсэн байна.

Уссурийск хотын шүүх энэ оны долдугаар сард Габышевыг жирийн эмнэлэгт шилжүүлэх шийдвэр гаргасан ч Владивосток хот дахь дараагийн шатны шүүх хүчингүй болгож байжээ.

Эмч нар үйлчлүүлэгчид нь шизофрени өвчнийг эмчлэхэд ашигладаг халоперидол эмийг хүчээр хэрэглэж байгааг Прянишинков ярьсан байна. Үүнээс өмнө Габышев сэтгэцийн ямар нэг өвчин эмгэгтэй нь оношлогдож байгаагүй гэнэ.

Габышев 2019 онд Якутаас Москва руу эсэргүүцлийн алхалт зохион байгуулсныг эрх баригчид хэд хэдэн удаа албадан зогсоож байв.

2021 оны долдугаар сард шүүхийн шийдвэрээр түүнийг сэтгэцийн эмнэлэгт албадан хэвтүүлж байжээ.

2019 оны гуравдугаар сард Габышев анх олны анхаарлын төвд орохдоо ерөнхийлөгч Путинийг “чөтгөр” хэмээн нэрлэж, түүнийг Кремийн ордноос зайлуулах зорилготойгоо зарлаж байв.

Тэрбээр 2,000 гаруй километр зам туулахдаа олон хүнтэй уулзаж, багагүй дэмжлэг авч байсан юм.

2019 оны долдугаар сард Чита хотод ирсэн Габышев “Бурхан надад Путинийг хүн биш, чөтгөр гэж хэлсэн. Тэгээд түүнийг зайлуулах даалгавар өгсөн” гэж хүмүүст ярьж байжээ.

Дараа нь тэр Буриадын нутаг дэвсгэрт алхаж явахдаа баривчлагдаж, төрөлх Якут руугаа ачигдсан юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe