iКon.mn болон Pinecone Academy хамтран толилуулж буй шинэ үеийн цахим нүүдэлчид буюу дэлхийн тавцанд гарсан инженерүүдийг танилцуулах e-Nomads булангаар Канад Улсын Торонто хотод аж төрөн сууж буй Google компанийн инженер Ганбат овогтой Ганзориг оролцлоо.
- Таны технологийн замнал хэрхэн эхэлсэн бэ? Мэдээллийн технологийн салбарыг сонирхож байгаа болон энэ салбарт шилжих сонирхолтой олон залуучуудад таныг дэлгэрэнгүй танилцуулбал сонирхолтой байх болов уу?
- Би Улаанбаатар хотод төрж өссөн. Нийслэлийн 1-р сургуулийн монгол хэлний 1А ангид анх элсэж, үсэглэлийн баяраар “Щ” үсэг болж байлаа. Энэ сургуульдаа 10 ажил суралцаж төгсөөд их сургуульд орох болоод гэрийнхэнтэйгээ ярилцтал өөрөө л мэд гэсэн юм. Тухайн үед Эдийн засагч, хуульч гэсэн мэргэжлүүд их эрэлттэй байлаа. Тэгээд л бодож явж байгаад ЭЕШ өгчхөөд математикийн багш дээрээ очоод ямар мэргэжил сонгох вэ гэж асуутал “Инженерүүд улс орныг авч явдаг шүү миний хүү” гэж зөвлөж байсан. Энэ зөвлөгөөг нэлээн тунгааж байгаад ШУТИС-ийн программ хангамжийн ангийг сонгох гэтэл дууссан байсан болохоор мэдээллийн системийн ангийг сонгож суралцсан даа.
- Суралцахад ямар мэргэжил байсан бэ? Тухайн үед шинэ салбарын мэргэжил сонгоход асуудал тулгарч байсан уу?
- Их сургуульд байхдаа би компьютергүй байсан юм. Санхүүгийн хувьд боломжгүй байсан болохоор тухайн үед өөртөө нэг флаш аваад тэрүүгээрээ л сурсан. Лаборатори хэсээд жоохон юм хийж сууж байгаад хөөгдөөд л. Хөөгдөхөөсөө өмнө гялс флашдаа материалаа хуулж аваад гарна даа. Хааяа гэртээ компьютертой найзууд дээрээ очоод найз нь нэг жоохон юм хийчээд гаръя гээд л нөгөө л нэг флаштайгаа л явж байгаа юм. Тэр флашаараа 4 жил сураад төгсөхийн алдад компьютертой болсон.
Анх хичээл ороход 10 хуруугаараа бичиж сурах дасгал хийлгэж байгаа юм. Компьютергүй болохоор чинь гэртээ хариад дэвтрийн гол цаасан дээр “keyboard” зураад 10 хуруугаараа бичиж сурах дасгал хийдэг байсан. “Keyboard” ч үгүй байлаа шүү дээ.
- Хэзээ анхныхаа компьютерыг авсан бэ? Анх удаа өөрийн гэсэн компьютертой болоод ямар сэтгэгдэл төрөв?
- Анхны тэр мэдрэмжийг одоо хүртэл мартаагүй ээ. Флаштайгаа явж явж байгаад яг төгсөхийн алдад цуглуулсан мөнгөөрөө суурин компьютер авч байсан. Дипломын ажлаа хийх зэрэгт яалт ч үгүй компьютертой байхгүй бол болдоггүй юм билээ. /инээв/ Зундаа барилга дээр ажиллаж, ачигч хийж цуглуулсан мөнгөөрөө өөртөө хамгийн хэрэгтэй хөрөнгө оруулалт хийсэн гэж боддог.
- Анх код бичих нь хэцүү гэж бодож байсан уу? Салбартайгаа анх танилцахдаа ямар ойлголттой байв?
- ПС тоглоомын газар Dota1, CS1.6 гээд тоглоомуудыг бидний үеийнхэн их тоглодог байлаа. Тэгээд л код бичиж, программ зохионо гэхээр нэг ийм сүртэй тоглоом хийх юм болов уу гэсэн бодолтой явж байгаад хичээл дээр анх үг хэвлэх программ бичээд “Hello World” гэж шивээд уншуултал принтер хэвлээд гаргаад ирэхэд ингээд л болоо юм байх даа гэж гайхсан. Эндээс л технологийн салбар дахь анхны алхам маань тавигдаж байгаа юм.
- Таны суралцсан түүх их сонирхолтой байжээ. Төгсөөд таны ажлын гараа хэрхэн эхэлж байсан бэ?
- Сургуулиа төгсчхөөд найзуудаараа нийлж call.mn гэж мэдээний сайт хийгээд бүтэлгүйдэж байлаа. Дараа нь хэсэг нэг компанид веб хөгжүүлэгчээр ажилласан. Тухайн үед эх орноосоо буюу зайнаас гадаадад ажиллах боломжийг судлаад хэд хэдэн залуучуудтай уулзаж үнэхээр ийм боломж байдаг эсэх дээр сураглаад явж байхад шууд л хий, боломжтой гэж хэлж байсан. Themeton-ийн Өлзийбат ах веб темплэйт хийж зар гэж зөвлөсний дагуу нэг найзтайгаа хамтраад хийж эхэлсэн юм. Нийт 1,000 гаруй загварууд зарж чадсан. Сардаа дунджаар $3,000 олдог байлаа. Жилд 1 сая доллар олдог залуучууд ч бас байсан. Хийсэн ажлыг маань АНУ-д ч юм уу бүр Африкт хүртэл авч ашиглаад өөрсдийн гэсэн вебсайтаа хийчихсэн байгааг харахад үнэхээр урамтай шүү дээ.
Технологийн салбар бол Монголын хаа нэг мухарт суугаад дэлхийд хүрч доллароор цалинжих боломжтой тийм л салбар шүү.
“Бидний бүтээгдэхүүн гарт баригдахгүй ч дэлхийгээр аялах чадвартай.”
- Хэзээнээс Google-д ажиллая гэсэн сонирхолтой болсон бэ? Ер нь зориод л явж байсан уу?
- Эх орноосоо гадагшаа ажил хийж явж байгаад мэргэжлийн ур чадвар, англи хэлээ сайжруулах зорилгоор технологийн том компаниудад ажиллаж үзье гэсэн бодолтой болсон юм. Тэгээд АНУ-ын Атланта хотод нэг жижиг Старт-Ап компанид 2 жил ажиллаж байх хугацаандаа сайтар бэлдэж эхэлсэн. Тэгээд Adobe компанид ажиллаад, дараа нь Google-д орсон юм. Гэхдээ тэр дунд Microsoft, Google, Facebook, Amazon гээд олон ч компанийн ярилцлагад унасан даа.
Сонголтын хувьд гэвэл өдөр тутамдаа Google-ийн маш олон бүтээгдэхүүнүүдийг ашигладаг бас эдгээр бүтээгдэхүүнүүд нь хүн төрөлхтний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэдэгт итгэдэг учраас Google-д ажиллах мөрөөдөл маань анхнаасаа байсан болов уу.
- Томоохон компаниудын ажилчид үнэхээр дэлхийн шилдгүүд байдаг уу? Ер нь ямар хүмүүс байдаг вэ?
- Анх Adobe-д ороход нэг гайхсан зүйл нь Англи хэлний чадвар байсан. Буруу зөрүү ярьдаг, аялга нь тийм цэвэрхэн биш мөртлөө удирдлагад ажилладаг инженерүүд их байв. Би чинь өөрөө бас тийм англи хэлэндээ ч сайн биш байсан. Хэлний чадвар маань яах бол гэж их эргэлзэж боддог байсан бол харин ур чадвар байхад бусад нь асуудал биш юм байна гэдгийг ойлгох шиг болсон. Залуучууд ч гэсэн өөрийгөө энэ асуудлаас болж битгий хязгаарлаарай гэж эртнээс захимаар байна.
Бас нэг анзаарсан зүйл нь Монголчууд чадвараараа бол дутдаггүй. Сэтгэл зүйн хувьд өөрсдийгөө голоод байдаг юм шиг санагддаг, тэгээд л шинэ зүйл туршиж оролдох бодол төрдөггүй. Өөрийгөө хэзээ ч битгий голоорой, өөрөө ч аймаар том мөрөөдөөрэй.
- Google-д ажиллахад ачаалал ихтэй хүнд байдаг уу? Ажил нь ямар байдлаар явагддаг вэ?
- 7 хоногийн 3 өдөр нь оффисдоо очдог. Өглөө 8, 9 гэж очоод өглөөнийхөө цайг уучхаад ажлаа эхлүүлнэ. 11:30-13:00 цагийн хооронд өдрийн хоолны цаг болдог. Google-д хоол үнэгүй өгдөг учраас ийш тийш явахгүй тэндээ л идчихнэ. Ажлаа хийгээд 6, 7 гэж гэртээ орж ирдэг. Үлдсэн 2 өдөр нь гэрээсээ ажилладаг. Багийнхантайгаа энэ 7 хоногт ийм, ийм ажлуудыг хийнэ гээд ярилцаад явдаг. Хамгийн чухал нь үр дүн. Урт эсвэл богино ажиллана гэхээсээ илүү ажлын 8 цагтаа хэрхэн үр дүнтэй ажиллах вэ гэдгээ бодох хэрэгтэй.
Үүн дээр нэмээд хэлэхэд тухайн багаасаа хамаараад ачаалал бол өөр байгаад байдаг. Манай багийн хувьд гэвэл АНУ-ын Сан Франциско хотод байдаг. Зайнаас ажиллаад явж байгаа гэж ойлгож болно. Эндээ 1 жил байгаад буцах бодолтой байгаа.
- Технологийн салбарын цалингийн талаар хэлэх боломжтой болов уу? Уншигчид маань ч сонирхох болов уу гэж бодож байна?
Цалингийн мэдээллийг levels.fyi сайтаар орж үзэх боломжтой. Том компаниудын нэг давуу тал нь маш их бонус өгдөг. Анх Google-д ажилд ороход манай компанийг сонгосонд баярлалаа гээд “sign-in” бонус $10,000-аас $100,000 өгнө. Жилийн цалин $200,000 орчим байлаа гэхэд л жилийн цалингийн 15+ хувийн бонус өгөхөөс гадна жилийн цалингийн ноогдох хувьд хувьцаагаа өгдөг. Үр дүн гаргаж ажиллаад байвал урамшуулал харамгүй өгдөг гэж ойлгож болох юм. Жилийн эцсээр машин авдаг ч юм уу, аялах уу, яах уу гээд л бодох бодол их болох байх аа /инээв/.
- Одоо ямар төсөл дээр ажиллаж байгаа вэ?
- YouTube Shopping гэх төсөл дээр ажиллаж байгаа. Судалгаагаар Youtube үзээд худалдан авалт хийдэг хүмүүс олон байдаг юм байна. Видеоных нь доор ч юм уу бүтээгдэхүүн байршуулаад худалдан авах хүсэлтэй үзэгчид Youtube дээрээсээ шууд худалдан авалтаа хийх консепт юм. Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, туршиж байгаа видеоны доор бүтээгдэхүүн нь 1 дараад худалдаж авахад бэлэн байна гэх жишээтэй.
- Код бичнэ гэдэг яг ямар ажил вэ? Хэцүү ажил уу? Таны ярилцлагыг уншиж буй олон залуучуудад Та юуг зөвлөх вэ?
- Код бичнэ гэдэг үнэхээр сонирхолтой ажил. Нэг ёсондоо гарт баригдахгүй ч хийсэн бүтээлийг чинь дэлхийн хаана ч ашиглах боломжтой. Миний хувьд бол барилга дээр ажиллаж, ачигч хийхээс хамаагүй амархан ажил. Өдийг хүртэл тийм замыг туулаад флашаар ч гэсэн төгсөж болдгийг би сайн мэдэх болохоор залуучуудад гэж зөвлөхөд хэнд ч боломжтой хязгаар үгүй тийм л салбар шүү гэж хэлмээр байна. Бага зэрэг логик сэтгэлгээтэй байхад л болно. Залуучуудыг технологийн салбараар яваасай гэж боддог. Тэгээд гадагшаа юм хийж шинэ үеийн нүүдэлчин болоосой, гаднаас мөнгө оруулж ирээрэй гэмээр байдаг юм. Марк Цукерберг гэх залуу сургуулийнхаа дотуур байрны өрөөнөөс Facebook гэх том компанийг байгуулсан байна шүү дээ.
- Ахлах сургуулиа дөнгөж төгссөн аль эсвэл мэргэжлээ солих сонирхолтой хүмүүст нэгт энэ мэргэжлийг сонгоод суралцаж чадах уу гэсэн асуулт, хоёрт нь сураад төгсчихлөө гэхэд зах зээл дээр өрсөлдөж чадах хэмжээнд мундаг байж чадах болов уу гэсэн асуулт тулгарч байгаа болов уу гэж бодлоо. Та юу гэж хэлмээр байна?
- Software Engineer болоход 4 жил сурах шаардлагагүй. Намайг их сургуульд байхад эхний 2 жил нь арван жилийнхээ хичээлүүдийг үзсэн. Үлдсэн 2 жилдээ суурь ойлголтуудаа авсан байдаг юм. Одоо тэр хичээлүүдийг интернет хөгжсөн байхад хаанаас ч авч болохоор байна.
Кодинг академиудын (bootcamp) хувьд гэвэл асуудал тулгарахад асуух багштай, нэг зорилгын төлөө явж байгаа хамт олонтой байх нь давуу талтай гэж бодож байна. Ингэж сурахад би ер нь чадах юм яг мөн байна уу эсвэл ажиллахад болмоор байна уу үгүй юу гэдгээ мэднэ. Энд бол 3-6 сар академид сураад том компаниудад ажиллаад явж байгаа хүмүүс байдаг. Би ер нь нээх сонирхож хийх юм биш байна гээд өмнөх ажлаа хийгээд явж байгаа хүмүүс ч байдаг. 4 жил сурах нь цаг хугацааны хувьд их удаан, мөнгө санхүүгийн хувьд ч их зардалтай. Тэгээд төгстөл таны бодсон шиг мэргэжил биш байвал яах вэ?
Сүүлд нь хэлэхэд, бүх салбарыг мэдээллийн технологигүйгээр төсөөлөх аргагүй болсон. Үүнийг олон ч хүн харж байгаа гэж бодож байна. Хүн бүр англи хэл сурах ёстой гэдэг шиг хүн бүр код бичиж сурах тийм цаг үе ирчихсэн байна гэж хараад байгаа. Эдийн засагч, хуульч ч байсан гэсэн код бичих чадвартай бол ажил нь маш их хөнгөрнө. Эмнэлэг, сургууль хүртэл ядаж нэг вебсайт, бүртгэлийн системтэй байх хэрэгтэй шүү дээ. Бүх л салбар технологид шилжиж байгаатай холбоотойгоор зах зээл томорч ажлын байр ихэснэ үү гэхээс багасахгүй гэж бодож байна. Үүнд санаа зовох асуудал байхгүй болов уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!