Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулахад хэрэгжүүлж буй богино, дунд хугацааны ажил, бодлогыг танилцуулаа. Энэ үеэр Хотын даргын хариуцдаг асуудалтай давхцахгүй хэмээн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Намайг орж ирэхэд нийтийн тээвэр нэгдүгээрт гэдэг бодлого байгаагүй. Хотын асуудалд Засгийн газрын оролцох чиглэл орон зайг тодорхойлсон. Бодлого дээр будилаагүй, хэрэгжүүлэх асуудал байна. Нийтийн тээврийн шинэчлэл, холбоос зам дээр хөрөнгө тавигдсан.
Би Улаанбаатар хотын нийтийн тээвэр, зам, зорчилт хөдөлгөөн, хот төлөвлөлт гээд бүх асуудал руу орохгүй. УИХ-д Улаанбаатараас сонгогдсон болохоор зарим асуудалд оролцох үе бий. Хотын даргатай зэрэгцээд гамшиг, хог хаягдал, хот тохижилтын зэрэг хуулиар заагдсан үүрэгт ажилд нь оролцохгүй.
Анх намайг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар томилогдоод удаагүй байхад НИТХ, Хотын захиргаанаас, иргэдээс зааг ялгаагаа мөрдөхгүй байх вий гэсэн болгоомжлол байсан. Захиргааны эрхзүйн мэргэжлийн хичээлийг их сургуулиудад олон жил заасан учир эрх, үүргээ мэдэж, ажил хийж байгаа хэт дүр эсгэсэн байдлаас ангид байх бодлого баримталж байгаа" хэмээн ярилаа.
Удахгүй хийсэн ажлаа Ерөнхий сайдад тайлагнаж, нийтэд мэдээлээд иргэдийн санал, шүүмжлэлийг сонсоно гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!