СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбаатар хотод үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орно
Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр/2023.08.16/ 14:00-15:00 цагийн орчимд Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орж эхэлнэ гэж мэдээлж байна. Бороо үдээс хойш, оройдоо үргэлжлэн орох тул иргэд, олон нийтийг болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг НОБГ-аас зөвлөлөө.
Өнөөдөр Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний бороо, төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас Эг, Бэлтэс, Үүр, Хангай нурууны Чулуут, Хануй, Хэнтий нурууны Онон, Барх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгджээ.
Сэлэнгэ, Орхон /Сүхбаатар /, Хараа гол /Дархан хот/, Бэлтэс /Баянзүрх/, Үүр гол /Цагаан-Үүр/, Халх /Ялалт баг/, Онон, Балж /Дадал/ Хэрлэн гол /Мөнгөнморьт, Чойбалсан/, Хүдэр /Хүдэр сум/, орчимд үерийн түвшнийг 5-85 см мөн Хөгшин-Орхон гол /Хархорин/ Сэлбэ гол /Санзай, Дамбадаржаа/ орчимд үерийн түвшнийг давсан байна.
ЗӨВЛӨМЖ:
- Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
- Орон сууцны хорооллын гарааш, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
- Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх, өндөр насан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
- Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.
Өнгөрсөн шөнө Увс, Ховд, Говь-Алтайн зарим газар, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх нутгаар 0.0-32 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо оржээ.
Эх сурвалж: ОБЕГ, НОБГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
