Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

И-Нүүдэлчид: Meta компанийн инженер Н.Тулга: Код бичих гэдэг чинь хүмүүсийн бодож байгаа шиг сурахад хүнд зүйл биш

ikon.mn
2023 оны 8 сарын 16
IKON.MN

eNomads булангаар технологийн салбарын түүчээ болсон дижитал нүүдэлчдийн нэг Meta компанийн инженер Нармандах овогтой Тулгатай АНУ-ын Сиаттл хотноо ярилцлаа.

зураг
 

- Анх таны технологитой холбогдсон түүхээс эхлэн ярилцъя. Бага наснаасаа компьютер сонирхдог байв уу?

зураг
 

Бага насаа би төмөр замд өнгөрүүлсэн. Тухайн үед манай ихэр бид хоёрт аав маань дугуй авч өгч байсан юм. Тэр үеийн дугуйнууд хэврэг ч байсан байх, ихэр бид 2 ч эвдчихье гэсэн шиг унадаг байснаас болоод байнга эвдэлчихдэг байлаа. Гэхдээ дугуй унахаас илүү дугуй засах нь гоё санагддаг байсан учраас оролдоод л суучихдаг байсан. Засах дуртай байсан нь аавтай минь ч холбоотой байх гэж боддог. Аав маань электроникийн инженер мэргэжилтэй хүн болохоор олон том төхөөрөмжүүдтэй ажиллаад юм засаад суухад үед жижиг сажиг зүйлээр хажууд нь туслаад л суудаг хүүхэд байсан сан. Харж өссөн маань тэр болохоор багаасаа том болоод аав шигээ электроникийн инженер болно гэсэн бодолтой байсан. Тэгснээс ч биш надад компьютертой холбоотой угшил байгаагүй ээ.

- Электроникийн инженер мэргэжлийг одоо харахад сонгоогүй юм шиг байна, тийм үү?

Азтай ч юм шиг, азгүй ч юм шиг тохиолдол болсон. Арван жилээ төгсөөд конкурс өглөө. Ямар ч байсан математикаа дажгүй өгсөн санагдаж байна. Тэгээд электроникийн инженерийн ангид элсэх гэтэл аль хэдийнээ дүүрчихсэн байдаг байгаа. За одоо яах уу, ямар хуваарь авах вэ гэж гайхаж гайхаж байгаад жагсаалтад хамгийн ойрхон байсан нь компьютерын анги байсан болохоор сонгочихсон доо /инээв/ Одоо бодоход санаандгүй ч юм уу гэмээр тохиолдол болж өнгөрсөн нь амьдралд минь нөлөөлөх хамгийн сонирхолтой үйл явдал болсон юм.

- Технологийн салбарт өөрийн мэдэлгүй л хөл тавьжээ. Сонгоогүй мэргэжлээрээ суралцахад хүндрэлтэй байсан уу? Бас дургүйд хүчгүй гэдэг шиг сурсан болоод орхичихдог тохиолдлууд амьдрал дээр олон байдаг.

Компьютер ашиглаж мэдэхгүй хүүхэд байлаа шүү дээ. Хичээлдээ сууж эхлээд учрыг нь ч сайн ойлгохгүй онол заалгуулж явж байгаад Java хэл анх сурсан үеэс буюу код бичих гэж оролдож эхэлсэн үеэс л би донтсон юм шиг болсон доо. Уул нь код бичих гэдэг чинь хүмүүсийн бодож байгаа шиг онол шаардсан сурахад хүнд зүйл биш. Яг сураад эхэлсэн хүнд ямар ойлгомжтой нь харагддаг юм байна билээ.

Хүн бүр өнөөдөр ухаалаг гар утас ашиглаж байгаа ч хүмүүсээс технологийн салбар нь өөрөө их хол санагдаад байдаг. Ашиглаж байгаа апп-ууд нь яаж хийгддэгийг тэр болгон сайн мэддэггүй. Хүмүүсийн ойлголтоор бол бага наснаасаа онц сурлагатан байсан, олимпиад уралдаанд түрүүлдэгүүд нь л энэ салбарт амжилт үзүүлэх юм шиг ойлгогдоод байдаг.

Миний хувьд бол онц сурлагатан эсвэл төрмөл гоц хүүхэд байгаагүй. Мэдээж салбар бүрд л төрмөл хүмүүс байх шиг байдаг. Миний хувьд бол бусад хүүхдүүдийн л адилаар математиктаа бага зэрэг дуртай байсан ч гэлээ олимпиадын хэмжээний мундаг бол байгаагүй. ЭЕШ арай гэж шахуу л даваад сургуульд орсон хүүхэд шүү дээ. Хуваариа ч санаандгүй сонгочихсон. Тэгээд ч бас төгсөөд 24-25 нас хүртлээ дуу хөгжим их сонирхож нэг хэсэгтээ л мэргэжлийн бөмбөрчин болно гэж нэлээн явсан. Ажлаасаа ч гарах шахсан даа. Юуг хэлэх гээд байна вэ гэхээр мэргэжлийн болтлоо сурахад хэзээ ч оройтохгүй бас заавал гүнзгий математик суурь ч хэрэггүй.

зураг
 

- Ажил гэснээс таны анхны ажил ямар байсан бэ? Өнөөдрийн тавцан хүртэлх зам урт байв уу?

Миний ажлын гараа анх Монголд веб хөгжүүлэгчээр эхэлж байсан. Тухайн үедээ яг программ хөгжүүлэлт гэхээсээ илүү веб дизайн талдаа туршлага хуримтлуулсан санагддаг. Америкт ирээд мэргэжлээрээ ажиллахдаа илүү инженер талын туршлагыг жижиг, дунд, том компаниудад олж авсан. 

зураг
 

- Тантай ярилцах тусам технологийн салбарынх гэхээр залуучуудын хэлдгээр “nerd” буюу хичээлээс өөр юм мэддэггүй хүмүүсийн зүйл гэдэг ойлголттой байсан маань нэлээн өөрчлөгдөж байх шиг байна. Та технологийн салбарыг юу гэж хардаг вэ? 

Өнгөрснөөс нэг жишээ авч үзвэл жолооч гэдэг мэргэжил байлаа шүү дээ. Консоо дараад, Араагаа хөдөлгөөд, хүрдээ эргүүлээд л машиныг яаж хөдөлгөж авч явах вэ гээд чухам л түүнийгээ олон жил мэргэжлийн хичээл мэт сураад л байсан байдаг. Программ хангамжийн инженер гэдэг мэргэжил ч удахгүй жолооч гэдэг мэргэжил байхгүйтэй адил алга болох байх гэж боддог. Хэдхэн жилийн дараа гэхэд бүгд л машин унаж чаддаг шиг ямар нэгэн байдлаар бүгд л код бичиж, кодтой харьцаж чаддаг болно. Өнөөдөр машин барьж сурахгүйгээр амьдарна гэвэл бэрх шүү дээ. Үүнтэй л адилаар чаддаг хүнд амархан, мэдэхгүй хүнд аймаар л санагдах зүйл. Одоо ч код бичиж сурахад их дээд сургуульд ч сурах шаардлагагүй болсон шүү дээ. Ажилд авахад дипломтой байх үгүй нь ч ач холбогдолгүй болсон. Дипломгүй боллоо л бол сүйрчихнэ гэдэг ойлголт одоо өөрчлөгдөх үе иржээ. 

- Таны ажлын ноу-хоу юу вэ? 

Би зүгээр л хийж байгаа зүйлдээ аягүй дуртай хүн. Дуртай зүйлээ хийж байх явцад хүнд олон л арга барил олдоно гэж бодож байна. Миний дотор нөгөө л нэг дугуй засах дуртай хүүхэд байгаад байгаа нь миний ноу-хоу юм болов уу даа. Тийм болохоор яг тэр гээд хэлэх зүйл мэдэхгүй байна. Ямар компанид юу хийж байгаагаас хариулт маань их хамаарах байх аа. 

- Өнгөрснөө эргэн харахад залуучуудад юу гэж зөвлөх вэ? 

Миний бодлоор бол би хамгийн потенциалтай цагаа буюу 10 жил болон их сургуулийн насаа хэт хөнгөхөн өнгөрөөсөн юм болов уу гэж боддог. Аль болох олон зүйлийг туршиж үзээд аль нэгийг нь гүнзгийрүүлэн судлаад дурлаад явсан нь дээр байх байсан юм болов уу даа. Одоо цагт хүн өөрөө л хүсвэл юуг ч сурах бүрэн боломжтой болсон байна. Ирээдүйд энэ эсвэл тэр салбар л хамгийн чухал байна гэж хэлэх нь миний бодлоор бас өрөөсгөл санагддаг. Харин хэн тасралтгүй өөрийгөө хөгжүүлж, шинэчилж олон зүйлийг туршиж чадна, тэр амжилтад хүрнэ гэж боддог. Мөн өөрийгөө хөгжүүлэхэд мэдээж хэл хэрэгтэй бас урт цагаар төвлөрч сууж сурах нь хэт их мэдээлэл дундах бидний амьдралд юу юунаас илүү чухал санагддаг. 

- Тань шиг код бичиж сураад дэлхийн томоохон компаниудад залуучууд ажиллах боломж байгаа болов уу? 

Бүрэн боломжтой. Google, Amazon, Meta гээд компаниудын кодинг шалгалт ихэнх хүн давчихдаг түгээмэл асуултууд байдаг. Гол чухал зүйл нь “behavioral” ярилцлага. Би Google компанийн ярилцлагад 2 удаа, Амазон компанийнхад 3 удаа унасан. Ер нь олон ч газрын ярилцлагад унасан. Эхэндээ өөр дээрээ хэт тусгаж аваад шаналаад байдаг байсан ч сүүлдээ сэтгэл хөдлөлдөө автахаа болиод өөрийнхөө алдаануудад рационал дүгнэлт хийж тунгаан бодох болсон. Тухайн үед ярилцлагад орохоороо өөрийгөө биш өөрийнхөө төсөөллийн хүнийг яриад байсан байх. Ер нь ч хүмүүс бас тэгээд байх шиг байдаг. Тэгээд л тэнцдэггүй болов уу. Олон удаа ярилцлагад орохын давуу тал нь хүн өөрийгөө нээж илрүүлдэг юм байна лээ. Үнэхээр миний сул талууд юу вэ, давуу талууд нь юу байдаг вэ, яг ямар асуудлыг яагаад, хэрхэн шийдсэнээ яаж цэгцтэй тайлбарлавал зөв үү гээд л. 

- Facebook (Meta) компанийн ярилцлага хэр байв? 

Facebook-ийнх миний амьдралдаа өгсөн хамгийн гоё ярилцлагуудын нэг байсан. Бусад том компаниудтай адил “5 round 5” гэх кодинг болон зан харилцааны ярилцлага өгдөг. Нэг ярилцлага дээр нь нийт 45 минут үргэлжлэх ёстой байсан боловч 1 цаг 45 минут ярилцсан. Гэрээсээ онлайнаар ярилцлага өгсөн. Нөгөө хүн маань ч их сонирхож олон асуулт асуусан. Цайны цаг болоод бид 2 хоёулаа хоолоо идэнгээ ярилцлагаа хийгээд албан бус ч юм шиг хэрнээ миний туршлага болон Facebook-ийн соёлын талаар маш гүн гүнзгий ярилцсан. 

Сүүлд нь орсныхоо дараа яагаад ярилцлага маань тийм сайн, мэргэжлийн түвшинд байсныг ойлгосон. Учир нь ярилцлага, тэр дундаа “behavioral” ярилцлага авдаг болохын тулд тухайн ярилцлага авах инженер маань маш олон сургалт болон дадлага зэрэг шат дамжлагыг дамждаг юм байна лээ

- Монголд саяхнаас компаниуд байгууллагын соёл гэдэг зүйлийг чухалчилж авч үздэг боллоо шүү дээ. Та ч бас сая хэлж байна. Meta компанийн соёлыг та дүгнэж илэрхийлбэл?

Meta одоог хүртэл анхны start-up байсан соёлоо авч явдаг. Autonomous буюу бие даан өөрөө шийдвэр гаргагчид олон байдаг. Ямар нэгэн хүний шийдвэр, ямар нэг хурал хүлээхгүйгээр би ингэж шийдлээ гээд итгэлтэйгээр хийх хүмүүсийг багтаа оруулахыг хүсдэг. Мөн энд маш том төслийг 1, 2-хон инженер хариуцаж хийх тохиолдлууд олон байна. Олон хүн оролцох тусмаа олон хүний санал орж ирдэг, шийдвэр гаргах бололцоогүй болгодог тохиолдол бидний амьдралд зөндөө байдаг шүү дээ. Ерөнхий философи нь бол баг томорлоо гээд бүтээгдэхүүн сайжирна гэсэн үг биш. Үнэхээр чи хүсэж байвал нэг шөнийн дотор кодоо өөрөөр бичиж болно. Хэн ч чамайг зогсоохгүй. Үүнийгээ баталж харуулж чадах эсэх нь гагцхүү өөрөөс чинь л шалтгаална. 

- Таны Facebook компани дахь одоогийн мэргэжлийн чиг үүрэг юу вэ? 

Би одоо software engineer-үүд дундаа Generalist хийдэг. Back-End болон Front-End аль алин дээр нь ажилладаг гэхээр fullstack developer гэж ойлгож болно. 

- Meta компанид таны үзүүлсэн амжилт одоо байгаа юу? Ямар төслүүд дээр ажилласан бэ?

Байлгүй яахав. Би Facebook Workplace дээр ажиллаж байхад жижигхээн өөрчлөлт гаргасан маань маш том үр дүнг авчирч чадсан юм. Том хэмжээний impact буюу нөлөөтэй ажил хийж ард нь гарахад үнэхээр кайфтай шүү дээ. Machine Learning буюу хүмүүсийн мэдэж буйгаар хиймэл оюун ухааны төслүүд дээр мөн ажиллаж байна. 

- Дараагийн асуултаа хувь хүн талаас нь асууя гэж бодлоо. Таны амьдралдаа баримталдаг зарчим байгаа юу?

зураг
 

Би ийм зарчим баримталдаг ийм л хүн гэж хэн ч боддоггүй байх аа. Уул нь би өөрийгөө залуу хүн гэж боддог ч гэсэн бас нас яваад ирэхэд олон залуучуудыг ажиглаад байхаар “Follow your passion” гэдэг үгэнд ороогдоод байгаа юм байна. Энэ шал утгагүй үг шиг санагддаг. Хэрвээ хүн өөрийн passion буюу хүсэл сонирхлоо мэдэж чаддаг бөгөөд тэр нь нэг л зүйлээр хязгаарлагддаг байсан бол бүгд л дагаад амьдрах байлгүй дээ. Гэтэл тэр нь өөрөө яг юу вэ гэдэг асуултад бүгд хариулж чадахгүй учраас өөрийгөө олоогүй байгаа хүн ч юм шиг бодолдоо төөрөлдөөд байдаг юм байна. Миний хувьд бол залуучуудад “follow your curiosity” гэж хэлмээр байдаг. Сониуч бай. Сонирхолтой санагдвал хийгээд л үз. Заавал нэг юманд аймар өндөр хүлээлт тавиад тэнд очно гэж хүлэгдэж, хүлээхгүйгээр зүгээр л оролдоод үз. Яг одоо чамд юу сонирхолтой байна, чамд юу байна, тэрийгээ л хийчих. Аяндаа нэг нь утга учиртай санагдана. Хариултаа бус асуултаа эрсэн нь зөв болов уу. Уйтгартай санагдвал дахиад л өөр зүйл оролдоод үз. 

Үүн дээр нэмээд хэлэхэд заримдаа ажил хиймээргүй залхуурмаар санагдах үедээ би өөртөө хамгийн татагдаад байгаа хэсгээсээ эхэлдэг. Тэрэндээ 2-5 минут л зарцуулахад нэг мэдэхэд л шумбачихсан 5 цаг суучихсан байдаг. Хүн сонирхож байгаа зүйлээ хийхэд л тэр чинь чамайг маш хол авааччихсан байна. Ийм л энгийн юм. Аав ээж, эргэн тойрныхон нь хуульч болохоор би хуульч болно гэж бодоод байдаг. Гэтэл өөрөө төрөлхийн технологийн чадвартай байснаа ч мэдэхгүй өнгөрч байгаа ч юм бил үү

- Монголд харилцаа, холбоо, үйлчилгээ, хүргэлт гээд бүх л бизнесийн салбар технологитой холбогдох болжээ. Залуучууд ч сүүлийн үед кодинг сурах талаар их сонирхдог болсон байна. Монголд сургалтын байгууллагууд ч хэдэн жилийн өмнөхийг бодоход ихэссэнийг анзаарлаа. Хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа эсвэл дөнгөж сонирхож байгаа залуучуудад юуг зөвлөх вэ? 

Монголд сайн, муу кодинг сургалтууд их болж эхэлж байх шиг байна. Миний хувьд Амазон компанид ахлах инженер байсан Н.Шагайгийн “Pinecone Academy”-г сайн гэж хараад байгаа. Сургалтын арга барил нь дэлхийн хэмжээнд хүргэхэд төвлөрч ажиллаж байгаа болов уу. Гол нь оролдоод л үз. 1000 сонсохоор нэг үз гэдэг шиг ядахнаа л очиж уулзаад юу вэ гэдгийг нь харах хэрэгтэй. 

- Хоёулаа ингээд ярилцлагаа өндөрлөе. Эцэст нь хэлэхэд юу гэж хэлмээр байна?

Урьсанд тань баярлалаа. Толгойд орж ирснээ ний нуугүй нээлттэй сайхан ярилцаж чадсан гэж бодож байна. Залуу үедээ нэмж хэлэхэд 10-30 насныханд ямар нэг хүссэн зүйлдээ төвлөрөөд суух бүрэн боломж бий. Цаг хугацааны үнэ цэн ямар их байдгийг ойлгосон хүний хувьд энэ бол хамгийн том тансаглал. Энэ аягүй том боломж шүү. Харамсахгүй амьдар. Үүний тулд олон зүйлийг туршаад үз гэж хэлье дээ.