ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хиймэл оюуны систем товч дарах чимээгээр компьютерын нууц үгийг тайлдаг болжээ

Р.Түвшин, iKon.mn
2023 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хиймэл оюуны системийн тусламжтайгаар товч дарах чимээг ашиглан компьютерын нууц үгийг тайлах боломжтой болсныг хэсэг судлаачид анхааруулжээ.

Ялангуяа Zoom зэрэг видео холбоо түгээмэл хэрэглэгддэг болсон цаг үед ийм эрсдэл шинээр бий болж байгаа юм байна.

Хэсэг судлаачид өөрсдийн хөгжүүлсэн хиймэл оюуны системээр видео дуудлагаас бичиж авсан товчны даралтын чимээг уншуулахад 90-ээс дээш хувийн үр дүнтэй нууц үгийг тайлж байжээ.

“Ийм загварын нарийвчлал маш өндөр гарсан нь шинэ төрлийн кибер халдлага өсөх боломжтойг харуулж байна” гэж судалгаанд хамтран оролцсон Английн Суррейн их сургуулийн профессор Эшан Торейни хэлсэн байна.

Айл өрхүүдэд микрофоны хэрэглээ түгээмэл болсон энэ үед хиймэл оюуны зохицуулалтын орчинд ийм боломжийг хязгаарлах ёстойг тэр онцолжээ.

Торейни болон түүний хамтрагчид зөөврийн компьютерын товч дарах чимээгээр ямар товч дарагдсаныг таних систем зохион бүтээж, туршаад үр дүнг нь IEEE European Symposium on Security and Privacy Workshops сайтад нийтэлсэн байна.

Туршилтын үеэр тэд MacBook Pro зөөврийн компьютерын гарны 36 товч тус бүрийг дараалан 25 удаа өөр өөр хуруугаар, янз бүрийн хүчээр даржээ.

Ингээд чимээг нь Zoom дуудлагын цаанаас болон компьютерт ойр байрласан гар утасны микрофоноос бичиж авсан байна.

Ингэхэд хиймэл оюуны систем гар утсаар бичиж авсан чимээнээс 95 хувь, Zoom дуудлагын чимээнээс 93 хувийн үр дүнтэйгээр дарагдсан товчнуудыг таньж байжээ.

Зөвхөн алс зайнаас ч биш, кофе шоп зэрэг олон нийтийн газарт ийм аргаар бусдын компьютерын нууц үгийг хулгайлах боломжтойг судлаачид анхааруулсан байна.

Ийм эрсдэлээс сэргийлэх арга нь хурууны хээ зэрэг биометрик аргууд болон хоёр шатлалтай нууцлалын систем (two step verification) байж болохыг бас тайландаа дурджээ.

Мөн Zoom мэтийн видео холбоог ашиглаж байх үедээ нууц үг зэрэг бусад чухал мэдээллээ компьютерт оруулахаас зайлсхийхийг хүмүүст зөвлөсөн байна.

 

Эх сурвалж: The Guardian