Өчигдөр буюу Пүрэв гарагт Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос өмнө зүгт оршдог Сённам хотод автомашин, хутга хэрэглэсэн халдлага гарсны улмаас 12 хүн шархдаж, бэртжээ.
Оройн 6:00 цагийн орчимд тус хотын Сохён метроны өртөөний ойролцоо 20 гаруй насны залуу автомашинаараа явган хүний зам руу дайран орж, дөрвөн хүнийг мөргөн гэмтээсэн байна.
Тэрбээр автомашинаасаа буусны дараа ойролцоо их дэлгүүрт ороод тааралдсан хүмүүсийг хутгалж эхэлжээ.
Энэ үеэр нийт найман хүн шархадсан байна. 10 минутын дараа цагдаа нар халдлага үйлдсэн этгээдийг баривчилжээ.
Халдлага үйлдэхдээ хар өнгийн хувцас өмсөж, хар нарны шил зүүсэн этгээд хүргэлтийн үйлчилгээний ажилтан байсан байна.
Тэрбээр ямар шалтгаанаар хүмүүсийн амь насанд аюул учруулснаа мэдүүлэхээс татгалзаж байгааг цагдаагийн албаны эх сурвалж мэдээлжээ. Хохирогчдын биеийн байдал ямар байгаа талаар мэдээлээгүй байна.
Өмнөд Солонгост хүний амь нас, эрүүл мэндэд халдсан хүчирхийллийн гэмт хэрэг ховор гардаг.
Гэхдээ хэдхэн хоногийн өмнө энэ удаагийнхтай ижил төстэй гэмт хэрэг гарч байсан юм.
Долдугаар сарын 21-ний өдөр Сөүл хотын Силлим өртөөний ойролцоо Чо Сон гэгч 33 настай этгээд 20 орчим насны нэг эрэгтэйг хутгалан амийг нь хөнөөж, өөр гурван хүнийг шархдуулсан юм.
Чог хэрэг гарснаас хойш хоёр хоногийн дараа баривчилж, хүн амины хэрэг, хүний амь хөнөөхийг завдсан хэргээр яллажээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!