Цагаан ордны санаачилсан аюулгүй байдлын стандартыг АНУ-ын технологийн томоохон компаниуд хиймэл оюуны бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ мөрдөх амлалт авсныг ерөнхийлөгч Жо Байден өчигдөр зарлажээ.
Тэдгээрийн дотор Amazon, Google, Meta, Microsoft зэрэг долоон компани багтсан байна. Сайн дурын үндсэн дээр тохиролцсоны дагуу эдгээр компаниуд хиймэл оюуны технологид суурилсан бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахаасаа өмнө тодорхой стандартад нийцсэн эсэхээ баталгаажуулах гэнэ.
“Бид шинээр гарч ирж буй технологиудын аюул эрсдэлийн талаар тодорхой ойлголттой, сонор сэрэмжтэй байх ёстой. Сошиал медиа бидэнд хүчирхэг технологийг зөв хяналтгүй хэрэглэхэд ямар хор хөнөөлтэйг батлан харуулсан билээ. Өнөөдрийн амлалт нь цаашид хэрэгжүүлэх олон ажлын дөнгөж эхлэл юм” гэж Жо Байден мэдэгдэлдээ дурджээ.
Амлалтын дагуу дээр дурдсан дөрвөн том компаниас гадна ChatGPT платформыг хөгжүүлэгч OpenAI болон энэ чиглэлд ажилладаг Anthropic, Inflection стартапууд бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахаас өмнө хөндлөнгийн, хараат бус мэргэжилтнүүдээр аюулгүй байдлын эрсдэлээ шалгуулж, үнэлүүлэхээр болсон байна.
Үүнд бодит зургийг хиймэл оюунаар бүтээсэн зохиомол “deepfake”дүрснээс ялгах аргаас эхлээд хиймэл оюуны систем физик системүүдийг хяналтдаа оруулах, өөрийгөө хуулбарлан тараах зэргээс урьдчилан сэргийлэх стандартууд багтжээ.
Мөн өөрийн илрүүлсэн алдаа доголдол, системийн цоорхойн талаар нээлттэй мэдээлэх үүргийг компаниуд хүлээхээр болсон байна.
Хиймэл оюуны технологийн аюул заналын асуудал өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш саяхан өөрийн байгууллагыг хиймэл оюуны дэлхийн стандартыг тогтооход хамгийн тохиромжтой гэж үзэж байгаагаа мэдэгдээд хиймэл оюуныг засаглах хувилбаруудыг энэ онд багтаан танилцуулах зөвлөл байгуулснаа зарласан юм.
НҮБ-ын дэргэдэх уг байгууллага нь Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлаг, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Засгийн Газар Хоорондын Зөвлөл зэрэг бусад байгууллагуудтай ижил бүтэц, үүрэгтэй байх гэнэ.
Үүнтэй зэрэгцэн хиймэл оюуны технологийн хөгжүүлэлт улам бүр эрчимжиж байна.
Өнгөрсөн долоо хоногт OpenAI компани Associated Press агентлагийн мэдээний архивыг хиймэл оюуныг сургахад ашиглах гэрээ байгуулснаа зарласан юм. Уг гэрээ нь ямар үнийн дүнтэй байгуулагдсаныг талууд одоогоор ил болгоогүй байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
|