Ирэх сард Йоханнесбург хотод зохион байгуулагдах BRICS байгууллагын дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч биечлэн оролцохгүй болсныг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын (ӨАБНУ) эрх баригчид өчигдөр зарлажээ.
Шийдвэрийг Оросын талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гаргасныг ӨАБНУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба тайлбарласан байна.
Уг чуулганд ОХУ-ыг гадаад хэргийн сайд Сергей Лавров төлөөлөхөөр болжээ. BRICS-ийн бусад гишүүд болох Бразил, Энэтхэг, Хятад, ӨАБНУ-ын төр, засгийн тэргүүнүүд биечлэн оролцохоор болсон байна.
Украинд үйлдэгдсэн дайны гэмт хэрэгтэй холбогдуулан Олон Улсын Эрүүгийн Хэргийн Шүүх (ОУЭХШ)-ээс гаргасан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг баривчлах тушаал чуулганыг зохион байгуулагчдыг “ацан шалаанд” оруулсан юм.
ӨАБНУ нь тус шүүхийн гишүүн 123 орны нэг тул Путинийг нутаг дэвсгэрт нь ирмэгц баривчлах үүрэгтэй.
Путинийг баривчилсан улсыг ОХУ-д дайн зарласанд тооцохоо Москвагийн эрх баригчид өмнө нь анхааруулаад байв.
Өрнөдийн аж үйлдвэржсэн орнуудын Их Долоо бүлэгтэй өрсөлдөх зорилготой байгуулагдсан BRICS эвслийг энэ жил ӨАБНУ даргалж байгаа юм.
Саяхан тус улсын дэд ерөнхийлөгч Пол Машатиле хэвлэлд өгсөн ярилцлагадаа Путинийг ирүүлэхгүй байх саналыг ОХУ-ын талд тавьсан ч зөвшөөрөхгүй байгааг хэлж байв.
ӨАБНУ-ын худалдааны гол түншүүд нь АНУ, Европ бол ОХУ-тай хийдэг худалдаа нь харьцангуй бага.
Гэхдээ өнгөрсөн зууны арьс өнгөөр ялгаварлах апартейд дэглэмийн үед одоогийн эрх баригч Африкийн Үндэсний Конгресс намын тэмцлийг Кремлийн эрх баригчид дэмждэг байсан тул талуудын найрсаг харилцаа одоо болтол үргэлжилж байгаа юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!