Нарны эрчим хүчний үүсгүүрийн ашигт ажиллагааны түвшнийг 30 хувиас дээш хүргэх нь дэлхийн олон орны судлаачдын гол зорилго юм.
Өнөөдөр өргөн хэрэглэгддэг хавтангууд нь цахиурт суурилсан үүрүүдээс тогтдог бөгөөд бодит амьдрал дээр нарны гэрлийн 24.5 хувийг эрчим хүч болгон хувиргадаг байна.
Харин лабораторийн туршилтаар үүнийг 27 хувьд хүргэсэн байдаг.
Тэгвэл саяхан Герман болон Швейцарын судлаачид нарны хавтанд нэмэлт давхарга ашигласнаар ашигт ажиллагааны түвшнийг 30-аас дээш хувьд хүргэж чадсанаа мэдээлжээ.
Ингэснээр нарны эрчим хүчний үүсгүүрийн өртгийг бууруулж, хэрэглээг нь улам нэмэгдүүлэх боломжтой болж байна.
Судлаачид перовскит хэмээх хагас дамжуулагч материалаар нарны хавтанд нэмэлт давхарга үүсгэх замаар эрчим хүч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд сүүлийн 10 орчим жил ажиллаж байгаа юм.
Цахиурын үүрүүд нь үзэгдэх гэрлийн улаан туяаг эрчим хүч үйлдвэрлэхдээ ашигладаг бол перовскит нь хөх туяаг ашигладаг байна.
Тиймээс цахиур-перовскит хосолсон хавтангуудын үйлдвэрлэх чадал нэмэгдэж байгаа юм.
Герман улсын Берлин хотын Материал, Эрчим хүчний Хелмхольц Төвийн профессор Стив Альбрехтын удирдсан баг цахиур-перовскит хавтангаар эрчим хүч үйлдвэрлэлийн ашигт ажиллагааг 32.5 хувьд хүргэж чадсанаа өчигдөр Sicence сэтгүүлд мэдээлжээ.
Саяхан бас Швейцарын Лaзань дахь Технологийн Холбооны Хүрээлэнгийн доктор Шинь Юү Чинээр ахлуулсан баг ийм хавтангийн үзүүлэлтийг 31.25 хувьд хүргэж чадсанаа батлан харуулсан байна.
“Энэ хоёр багийн гаргасан амжилт бол үнэхээр том дэвшил юм. 30 хувийн босгыг давснаар өндөр хүчин чадал, хямд өртөгтэй нарны хавтангуудыг зах зээлд гаргах боломжтой болно. Дэлхий дахины нарны эрчим хүчний үйлдвэрлэл 2022 онд 1.2 Тераватт хүрсэн. Уур амьсгалын өөрчлөлтийн гамшгаас сэргийлэхийн тулд 2050 он гэхэд энэ хэмжээг 75 Тераватт хүргэх шаардлагатай юм” гэж Саудын Арабын Абдуллах хааны нэрэмжит Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн профессор Стефан Де Вольф ярьжээ.
Тэрбээр цааш нь “Энэ салбар маш хурдтай хөгжиж байна. Хятадын олон компани энэ чиглэлд бас ажиллаж байгаа гэж би бодож байна. Европ, АНУ-ын эрх баригчид энэ чиглэлийн судалгаанд зарцуулах хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай” гэж хэлсэн юм.
Дэлхийн хамгийн том нарны хавтан үйлдвэрлэгч гэгддэг Хятадын LONGi компани өнгөрсөн сард бас ашигт ажиллагааны түвшнийг лабораторийн орчинд 33.5 хувьд хүргэж чадсанаа зарлаж байв.
“Үйлдвэрлэлийн өртгийг бууруулах нь нарны эрчим хүчний салбарын хөгжлийг хөтлөх мөнхийн сэдэв юм” гэж тус компанийн ерөнхийлөгч Ли Зэнгуо энэ үеэр мэдэгдэж байжээ.
“Нар бол манай дэлхийн хамгийн их нөөцтэй, хамгийн хямд өртөгтэй эрчим хүчний эх үүсвэр юм. Өртөг зардал буурч буй нь ногоон эрчим хүчний хувьсгалд нарны гүйцэтгэх үүргийг улам бүр нэмэгдүүлж байна” гэж Их Британийн Эрчим Хүчний судалгааны Төвийн захирал, профессор Роб Гросс хэлсэн байна.
Одоогоор “олон холбоост үүрүүд” зэрэг үр ашгийг 47 хувьд хүргэх боломжтой бусад технологиудыг судлаачид хөгжүүлж байгаа ч өртөг нь маш өндөр тул зөвхөн сансрын хиймэл дагуулын эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг тусгай салбаруудад ашиглагдаж байгаа юм.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!