Өнгөрсөнд эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжлийн арга нь “хайр нь дотроо хал нь гаднаа” философиор хайраа илэрхийлэх, үзэл бодлоо хэлэхийг хориглож, тэдний өмнөөс шийдвэр гаргаж, инээж баяр хөөртэй байгаагаа нуухыг илүүд үзэж, өөрөө ажиллаж, хүүхдээ сайн сурч дор бүрнээ хичээхийг хэлж хүмүүжүүлдэг байв.
Орчин үеийн эцэг эхчүүд хүүхдүүдээ хайрын хэлээр тэвэрч, үнсэж, сонсож, илүү ярилцаж илэрхийлж, үзэл бодлыг нь сонсож, шийдвэрийг хамтарч бас бие даан гаргуулж, өөртөө итгэлтэй, амжилттай суралцаж, аз жаргалтай инээд хөөртэй байхыг зааж харахын төлөө бүх зүйл дээр нь хамтарч тоглож, сурч, хүмүүжүүлдэг болсон.
Хүүхдэдээ цаг гаргаж хамтарч тоглонгоо ярилцаж хөгжилдөх нь цаг алдаж эсвэл цаг үрсэн ажил биш эцэг эх хүүхдийн аль алины ажил амьдралын маш олон хэсэгт эерэг нөлөө үзүүлдэг ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЦАГ байдаг. Хүүхдэдээ тоглоомын цагаар хөрөнгө оруулахын үр ашгийн талаар та бүхэнд хоёр сонирхолтой баримт хэлье.
ФАКТ 1: ТОГЛОДОГ ЭЦЭГ ЭХЧҮҮД БҮТЭЭМЖ ӨНДӨРТЭЙ БАЙДАГ
Насанд хүрэгчдийг стресст оруулдаг үндсэн хүчин зүйлсүүдийн нэг бол гүйцэтгэл юм. Гүйцэтгэлд зөвхөн ажлын бус гэр бүлдэх гүйцэтгэлийг хамруулна.
Ажил дээрээ бүрэн дуусгасан, дуусгаагүй, дуусгаж чадаагүй ажлууд, гэртээ хосын амьдрал, хүүхдийн өсөлт, хүмүүжилд хувь нэмэр оруулдаг, оруулдаггүй зэрэг нь ажил-амьдралын гүйцэтгэлийг тодорхойлдог.
Физиологийн талаас нь авч үзвэл кортизол буюу стрессийн гормон нь хүнд сонголт өгдөг. Жишээлбэл, ажлын стрессээ гэртээ авч очин уурлаж бухимдаж, ядарч суух уу эсвэл бушуу хүүхдүүдтэйгээ ажлаа мартталаа тоглож, инээж, кортизолоо шатааж, тайван унтаад ажилдаа явах гэсэн сонголт. Сэтгэл зүйн талаас нь авч үзвэл ажилдаа гэрээсээ, гэртээ ажлаасаа салж (detachment) чаддаг хүн маргааш нь ажил дээрээ эрч хүчтэй, эрүүл байдаг талаар олон судалгаа харуулсан байдаг.
ЗӨВЛӨГӨӨ: Ажил амьдралын тэнцвэрийг олохын тулд өдөр бүр бодитой үйлдэл хийх хэрэгтэй.
ФАКТ 2: ЭЦЭГ ЭХ НЬ ТОГЛОЖ ӨГДӨГ ХҮҮХДҮҮД АЗ ЖАРГАЛТАЙ, СУРЛАГА САЙТАЙ БАЙДАГ
Бага насны хүүхдийн үндсэн үйл ажиллагаа бол тоглох. Тоглож байх явцад хүүхдийн сөрөг сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд байхгүй болж аз жаргалыг мэдэрдэг (Glynn & Webster, 1992). Энэ байгалийн шинж чанар нь бүх хөхтөн амьтанд байдаг. Тоглоомын цаг хүн бүрд хөгжилдөх боломж өгдөг бөгөөд судалгаанаас үзэхэд хөгжилтэй байх буюу тоглох үед тархи нь хүний биед ашиг тустай гормонуудыг ялгаруулдаг.
Жишээлбэл допамин нейротрансмитер нь таашаал, урамшууллын төв бөгөөд тоглох болон сэтгэл ханамжтай зүйлсийг мэдрэх үед ялгардаг. Энэ нь ой тогтоолт, анхаарал, сэдэл, сэтгэл санаанд шууд эерэг нөлөө үзүүлдэг. Кортизол нь ихэвчлэн стресстэй холбоотой боловч стрессийг зохицуулах, танин мэдэхүйн үйл ажиллагаанд эерэг өдөөгч болдог. Мөн окситоцин болон эндорфин нь айдас түгшүүр, өвдөлтийг бууруулж, итгэлцэл, хайр, аз жаргалыг мэдрүүлдэг.
Бага насны хүүхдүүд анх гэр бүлийн орчинд аав ээжтэй ойр дотны хүмүүстэй тоглож байгаад томрох тусмаа үе тэнгийнхэн бусад нийгмийн олон өөр бүлгүүдэд харьяалагдаж, олон хүмүүстэй хамтарч нэгдэж тоглож эхэлдэг. Хүүхэд олон өөр бүлэгт, өөр өөр тоглоомоор тоглох нь танин мэдэхүй, нийгэм, сэтгэл хөдлөл, бие бялдрын хувьд хөгжиж тоглоомоор дамжуулан асуудал шийдвэрлэх ур чадвар, өрөвдөх сэтгэл, тэсвэр тэвчээрийг хөгжүүлэхэд тусалдаг (Vygotsky, 1967). Сэтгэл ханамжтай, идэвхтэй тоглосон хүүхэд хичээлдээ илүү анхааралтай, төвлөрч, сонирхолтой оролцохоос гадна сэтгэн бодох чадвар, сурлагын үнэлгээ өндөр байдаг (National Institute for Play, 2014).
ЗӨВЛӨГӨӨ: Тоглох нь хүүхдийн бүхий л хөгжилд шууд нөлөө үзүүлдэг бөгөөд эцэг эхийн оролцоотой тэдний хяналт доор явагдах нь аюулгүй, үр дүнтэй байдаг.
Аав ээжүүд өдөр бүр хүүхдүүдтэйгээ хийх өгөх ёстой 3 зүйл бол хамт тоглох, хамт инээх, хамт ярих. Өдөрт 15хан минут энэ 3 үйлдлийг хийхэд таны аз жаргалыг 2 дахин, ажлын стрессийг 3 дахин бууруулж, бие махбод дахин цэнэглэгдэж, биеийн ерөнхий дархлаа сэргэдэг. Харин хүүхдэд насан туршдаа санаж явах дурсамж, аюулгүй аз жаргалтайгаар амжилтанд амжилттай хүрсэн түүхийнх нь нууц болдог. Зуны дулаахан өдрүүдэд хайртай хүмүүстээ цаг гаргаж олон янзаар харж биш хамт тоглож, өөрийн хүүхдийг нээж, бүтээгээрэй.
Сэтгэл судлаач, доктор Б.Үүрцайх
(Дэлгэрэнгүйг энд дарж харна уу)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!