Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Эх оронтой эх хэлтэй хүүхэд

ikon.mn
2023 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Эх орноосоо цагаачилсан гээд эх орон, эх хэл, ижий аавыгаа мартана гэсэн үг биш юм.

Эсрэгээрээ илүү их хайрлаж хүндэлж, нандигнаж авч явах ёстой зүйл бидний нутаг ус, үүх түүх, эх хэл юм. Гадаадад амьдардаг олон гэр бүлд хүүхдээ ижий аав, эмээ өвөө, ах дүү нартайгаа танилцуулж, уулзуулахаар очихдоо хэлний бэрхшээлтэй тулгардаг. Эмээ өвөө нь Монголоороо ярьж чадахгүй байгааг нь өхөөрдөнө, үеийн хүүхдүүд нь шоолж инээнэ, гайхна.

Эцэг, эхийн хэн нэг нь байхгүй бол хүүхэд хоол унд, соёл, харилцааны олон асуудалтай тулгарч стресс авч дахин тэр орчинд орохоос татгалзаж Монгол оронд дургүй, дахин ирэх хүсэлгүй болдог. Суугаа газраа ч ялгаагүй найзууд нь Монголоор ярьж үзүүлэхийг хүснэ. Энэ мэтчилэн энгийн хэрнээ ичмээр, олон сорилтуудтай тулгарна. Яагаад эх хэлийг сурах ёстой вэ?

НҮБ тодорхойлсноор ЭХ ХЭЛ гэдэг нь тухайн үндэстний биет болон биет бус өвийг хадгалах болон хөгжүүлэх хамгийн хүчирхэг хэрэгсэл юм. Эх хэлээ түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн бүх арга хэмжээ нь хэлний олон талт байдал, боловсролыг хөхүүлэн дэмжихээс гадна дэлхий даяар хүний харилцаанд суурилсан эв нэгдлийг дэмжиж буй үйл юм гэжээ. Тийм ч учраас дэлхий нийтээрээ Олон улсын эх хэлний өдрийг (Хоёрдугаар сарын 21-н) тэмдэглэж, улс бүр эх хэлний өдрөө тусгайлан тэмдэглэж өнгөрүүлдэг нь хүүдийг багаас нь эх орон хайрлах, үүх түүхээ мэдэх, хүндлэх, хамгаалах хүсэл сэдлийг төрүүлж, үндэсний дархлааг тогтоодог байна.

ЭХ ХЭЛ гэдэг нь тухайн үндэстний биет болон биет бус өвийг хадгалах болон хөгжүүлэх хамгийн хүчирхэг хэрэгсэл

Холбоотой судалгаа, мэргэжилтүүдийн ярилцлагуудад цагаач хүмүүс, хүүхдийн эх хэлний талаар хөндсөн нь олонтоо. Үүнд Солонгос болон бусад улсын туршлага судалгааны зарим үр дүнгээс дурдъя.

Олон улсад цагаачлан амьдарч буй эсвэл хос соёлт гэр бүлд төрсөн хүүхдүүдийн давуу тал нь ХОС ХЭЛ юм. Солонгосын Жендэрийн Эрх Тэгш Байдал, Гэр Бүлийн яамнаас 2019-2021 оны хооронд улсын хэмжээнд 15,000 гаруй олон соёлт өрхийн дунд явуулсан судалгааны үр дүнг харахад гадаад эцэг эхтэй хүүхдүүд эх хэлээрээ ярих, сурах сонирхолгүй болж байна хэмээн дүгнэжээ.

Гурван жилд нэг удаа хийгддэг энэхүү судалгаанд үндэстэн дамнасан гэр бүл болон тэдний 9-24 насны хүүхдүүдийн дунд явуулдаг судалгаа юм. Судалгаагаар ажил эрхлэлт, эдийн засаг - нийгмийн байдал, гэр бүл, хүүхэд асрах хүмүүжүүлэх байдал, боловсролын байдлыг ярилцлагын аргаар явуулсан.

Эх хэлээрээ чөлөөтэй ярьж, бичих хүсэлтэй байна уу гэсэн асуултад 2018 онд судалгаанд оролцогчдын 42.4 хувь хариулж байсан бол 2021 онд 27.3 хувь болж эрс буурсан. Тус судалгаагаар эцэг эхчүүдийн 19 хувь нь гэртээ эх хэлээрээ ярьдаг, тусгайлан зааж сургадаг, хичээл зүтгэл гаргадаг нь 2018 оныхоос 6.4 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл, 2021 оны байдлаар судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дөнгөж 15 хувь нь эх хэлээ сурч байна гэж үзэж болно.

Энэ тоо Монгол гэр бүлүүдийн хувьд ч хол зөрүү гарахгүй байх гэж таамаглаж байна. Судлаачид хүүхдүүд эх хэлээ сурахгүй байгаа нь эцэг эхчүүд солонгос хэлийг маш хурдан сурдаг шалтгаантай хамааралтай хэмээн тус яамны мэргэжилтнүүд ч мөн тайлбарласан байв.

Эх хэлийг сургахдаа гэр бүлийн орчинд тогтмол хэрэглэж, өдөрт 45 минут заавал зааж, багахан хүчин чармайлт гаргахад томоохон өөрчлөлт авчирдаг

Жишээлбэл, монголчууд солонгос хэлийг богино хугацаанд сайн сурч хэрэглээнд оруулж чаддаг нь монгол хэлээ гэр дотроо хэрэглэх хэрэгцээ бага үүсдэгтэй холбоотой гэсэн үг. Гэтэл бодит амьдрал дээр Япон, Вьетнам, Хятад мөн адил сайн сурдаг ч хүүхдүүдтэйгээ эх хэлээрээ харилцаж, тоглож байхтай олонтоо таарна. Мөн Англид амьдардаг хятад эцэг, эхчүүд хүүхдүүддээ хятад хэл сурахыг шаарддаг шигээ хичээдэг (Lu, Haworth and Edwards (2006). Учир нь тэд хэлийг амьд үнэ зүйл буюу хэлэнд хятад хүний ондоошил, соёл, уламжлал, түүх, хайр хүндлэл оршдог гэж үздэг.

Цаашлаад хил дамнасан соёл, эдийн засгийн бүхий л солилцоо улам бүр нэмэгдэж одоо үед хүүхдүүдээ хос хэлтэй, өндөр боловсролтой иргэн болгож бэлтгэхээ тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна хэмээн тэмдэглэжээ (Chanjuan LIU, 2015).

Мөн Европт амьдардаг, бага сургуулийн солонгос хэлний багш ярилцлагадаа эх хэл бол хүүхдийн танин мэдэхүйн хөгжил болон сурах ур чадварыг дээшлүүлдэг аль хэдийн батлагдсан ур чадвар юм. Эх хэлийг сургахдаа гэр бүлийн орчинд тогтмол хэрэглэж, өдөрт 45 минут заавал зааж, багахан хүчин чармайлт гаргахад томоохон өөрчлөлт авчирдаг. Эцэг эхчүүд өөрийн хамгийн сайн мэддэг эх хэлээ зааж сургаснаар хүүхдийн сурлагын амжилт ахиж, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, дэлхийн иргэний төлөвшүүлж буй хэрэг юм.

Хэл шинжээч, профессор Грэйс Чогийн судалгаагаар гадаадад амьдарч буй солонгос эцэг эхчүүд эх хэлний ач холбогдлыг хүүхдүүд нь сургуульд орох, нийгмийн идэвхтэй харилцаатай болох, сэтгэл зүй-харилцааны дотоод зөрчилдөөн үүсэж эхлэх үес мэдэрч эхэлдэг болохыг илрүүлсэн.

Үүнээс үзэхэд эцэг, эхчүүд хүүхдэдээ эх хэлээ зааж сургах, өвлүүлэх дургүй, хүч гаргадаггүй болохыг ч мөн дурджээ. Яг одоо нэгэн өсвөр насны хүүхдийн яриа санаанд орж байна. "Манай аав ээж солонгосоор муу ярьдаг. Манай ээж намайг загнахдаа монголоор ярьдаг. Тэд нарын солонгосоор ярьдаг ч заримдаа би ойлгодоггүй. Намайг ярихаар манай аав, ээж ойлгодоггүй. Би монголоор ярьж чаддаггүй. Тийм болохоор би аав, ээжтэйгээ ярих дургүй".

Эцэст нь, аяндаа яваандаа сурдаг мэдлэг гэж байхгүйг санаж загнахдаа биш зааж сургахдаа, ухааруулж, хайрлахдаа эх болсон монгол хэлээ өргөн хэрэглэж, үр хүүхдэдээ өвлүүлж, хос хэлээрээ дамжуулан эрдэм мэдлэгтэй, хоёр улсын гүүр болж, эх дэлхийдээ үнэлэгдсэн Монгол хүнийг бүтээхийн төлөө хамтдаа хичээцгээе.

 

Судлаачид хөгжлийн гарц ТББ гүйцэтгэх захирал, Сэтгэл судлаач, доктор Б.Үүрцайх