Нийслэлийн бүс нутагт хууль бусаар мод тайрсан гэх асуудлын талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байна.
Энэ талаар Нийслэлийн Ойн газраас тодруулахад "Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гачуурт орчмын зураг харагдаж байсан. Тэр хавьд шинээр мод огтолсон асуудал гараагүй.
2000 оны эхэн үед хууль бус мод бэлтгэл явагдсанаас үүдэлтэй юм билээ. Цахим орчинд тавигдсан зургаас харахад нэлээд дээр үеийн хожуул байсан.
Хууль бус мод бэлтгэсэн тохиолдолд Ойн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ тооцдог.
Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бусаар мод бэлтгэх нь харьцангуй бага. Харин бут, сөөг, торлог устгаж барилга байшин барих асуудал гардаг. Уг үйлдлийг хууль хяналтын байгууллага шалгаж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг" хэмээн тайлбарлалаа.
Ойн тухай хуулийн 8.6, 29.1.10-т заасны дагуу нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, объект байрлуулах, мод, бут, сөөг, торлог тайрахыг хориглодог.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!