Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Японд хүмүүсийн ажлаас гарах хүсэлтийг удирдлагад нь дамжуулдаг компаниуд бий болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хэн нэгэн ажлаас гарах хүсэлтэй ч даргатайгаа уулзахаас зүрхшээж байгаа бол өмнөөс нь дамжуулж өгдөг компаниуд Японд бий болжээ.

Тэдгээрийн анхдагч болох Exit компани 2017 онд байгуулагдсан бөгөөд нэг ажилтны хүсэлтийг уламжилж өгөх төлбөр 20,000 иен ($144) байдаг гэнэ.

Өнөөдөр ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй компани бий болжээ.

Exit компанийн үүсгэн байгуулагч Тошиюүки Нийно өөрөө олон жилийн өмнө ажлаас гарахдаа сэтгэл зүйн нэлээд дарамт зовлон амсаж байсан гэнэ.

Түүний компанийн үйлчлүүлэгчид нь голдуу 20 гаруй насны залуус байдаг ба жил бүр 10,000 орчим хүсэлт хүлээж авдаг байна.

Гэхдээ хандсан бүхэн үйлчилгээг нь авдаггүйг Нийно тайлбарлажээ. “Ажлаас гарах хүсэлтээ илэрхийлж чаддаггүйн гол хоёр шалтгааны нэг нь даргадаа хэлэхээс айх, нөгөөх нь ингэснээр гэм буруутай мэт сэтгэгдэл төрөх гэж би хардаг. Тодорхой амжилт гаргалгүй ажлаасаа гарахыг энд нүгэл мэт үздэг. Тиймээс өөрийгөө гэм буруутай гэж бодох нь сэтгэлийн том зовлон шаналал юм” гэж тэр ярьж байна.

зураг
 
Exit компанийн сурталчилгаа

Японы нийгэмд хүн нэг байгууллагад насан туршдаа, үнэнчээр ажилладаг жишиг тогтсон байдаг нь сүүлийн жилүүдэд аажмаар өөрчлөгдөх болжээ. Ингэхдээ уртасгасан цагаар ажиллаж, эрүүл мэндээ муутгаснаар амиа алдах явдал хүртэл түгээмэл байв.

Хэт ажлын ачааллын улмаас зүрх судасны өвчнөөр нас барах, амиа хорлох үзэгдлийг 1970-аад оны үеэс “кароши” гэж нэрлэх болжээ.

Өнөөдөр ч гэсэн Японд долоо хоногт 60-аас дээш цаг ажилладаг хүний нийт ажиллах хүчинд эзлэх хэмжээ 6 орчим хувьтай байгаа нь бусад өндөр хөгжилтэй орнуудын дотор хамгийн өндөр үзүүлэлт юм.

Сүүлийн жилүүдэд насаараа нэг байгууллагад ажиллах соёл аажмаар алдагдах болжээ. Гэхдээ ажлаа ойр ойрхон солих явдал ховор, ажилласан жилээс хамааралтай цалингийн систем амь бөхтэй хэвээр байгаа.

2019 оны байдлаар нэг компанид тогтвортой ажиллах дундаж хугацаа Японд 12.4 жил байсан бол Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын (OECD) гишүүн орнуудын дундаж 10.1 жил байжээ.

Нэг компанид 20-оос доошгүй жил ажилласан хүний цалингийн өсөлтийн хэмжээгээр Япон улс OECD байгууллагын гишүүн орнуудын дотроос Турк, Өмнөд Солонгосын дараа гуравдугаарт бичигдэж буйг 2018 оны судалгаа харуулсан байна.

Ийм нөхцөлд ажилд ороод удаагүй байхдаа гарах нь ихэнх япончуудын хувьд маш хэцүү шийдвэр байдаг.

Тиймээс Нийто өөрийн бизнесийг хүмүүсийг зовлонгоос нь салгаж өгдөг, буянтай ажил гэж үздэг байна.

“Бидэнтэй холбогдохоосоо өмнө зарим хүмүүс амиа хорлох тухай хүртэл бодож байснаа ярьдаг. Надад үйлчлүүлэгчдээс маань маш их талархал ирдэг. Манай нийгэм өөрчлөгдөхдөө амархан биш. Бид энэ компаниа байгуулаад зургаан жил болж байгаа ч үйлчлүүлэгчийн тоо өссөөр байна. Нөхцөл байдал сайжраагүй нь эндээс харагдаж байгаа юм. Гэхдээ 100 жилийн дараа ийм хэвээр байна гэж би бодохгүй байна” гэж тэр ярьжээ.

 

Эх сурвалж: Aljazeera