Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Кино урлагийг дэмжих сангаас зохиолын чанар болон төслөө боловсруулсан байдал зэргийг голчилж санхүүжилт олгоно"

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 6 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл (КУЗ) кино урлагийг дэмжих сангаас энэ онд зарласан төслийн сонгон шалгаруулалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Кино урлагийг дэмжих санд 2022-2023 онд нийтдээ 67 төсөл ирж 11 төсөлд санхүүгийн дэмжлэгийг олгосон байна. Үүнд “Зундарь”, “Зээ”, “Амира”, “Солонго” “Өмнөдийг зорих замд”, “Алдагдсан өдрүүд”, “Цагаан хад”, “Алтан өргөө” зэрэг уран сайхан, баримтад киноны төслүүд болон сургалтын чиглэлтэй “Хөгжим тээгч”, нүүр хувиргалтын “Кино нүүдэл” зэрэг төсөл дэмжигджээ.  

Эдгээр төсөл нь кино урлагийг дэмжих сангаас буцаан олгохгүй болон буцаан олгоно гэсэн хоёр төрлөөр санхүүжилт авсан бөгөөд КУЗ-өөс байгууллага, продакшн болгонтой хийгдсэн ажлуудынхаа тайланг тогтмол өгөх, хугацаандаа уран бүтээлээ дуусгахгүй бол буцааж төлөх зэрэг хатуу гэрээнүүдийг байгуулжээ. 

Анхны сонгон шалгаруулалтын үр дүнд санхүүжилтгүй болоод зогсчихсон байсан кино болон кино нь олон улсын наадмуудад шалгарсан хэдий ч уран бүтээлчид нь замын зардалгүйгээс явж чадахгүй байсан зэрэг асуудал шийдэгдэж, олон жилийн турш орхигдоод байсан монголын кино урлаг хууль эрх зүйн орчин, төрийн дэмжлэгтэй болж байна гэдгийг КУЗ-ийн гишүүн Н.Уранчимэг онцолж байсан юм. 

“Дөрвөн төрлөөр кино төсөл сонгон шалгаруулна"

Энэ жилийн кино төслийн сонгон шалгаруулалт тавдугаар сарын 31-ний өдөр зарлагдсан ба дараах дөрвөн төрөл дээр санхүүжилт олгохоор болжээ.

  • Уран сайхны болон баримтад төрлөөр кино бүтээх төсөл
  • Кино наадам, сургалт зохион байгуулах төсөл
  • Кино наадам, сургалтад оролцох төсөл
  • Хамтарсан кино төсөл

Энэ жилийн тухайд цуврал кинонд санхүүжилт олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Төслийг зохиолын чанар болон кино төсөл бичих олон улсын стандартын дагуу хэр чанартай боловсруулсан зэргийг голчлон харж шалгаруулдаг. Төслийн зар тавигдсан цахим хуудас дээр кино төсөл хэрхэн бичих талаарх зөвлөмжийг байршуулсан гэдгийг КУЗ-өөс уран бүтээлчдэд зөвлөж байлаа.

Харин Монгол Улсын нэр хүндэд сөргөөр халдсан, Монгол Улсын үнэ цэнэ үнэлэмжийг бууруулсан, Монгол зан үйл, ахуй соёлыг гутан доромжилсон болон байгаль, ан амьтанд хүнлэг бусаар хандсан, бэлгийн гаж үйлдэл, ижил хүйстний амраглалыг дэмжсэн утга агуулга бүхий мөн архидалт, тамхидалт, мансуурах төрлийн бодисыг сурталчилсан, алаан, хядаан, хүчирхийллийг илт харуулсан бүтээлүүдийг дэмжихгүй гэдгийг КУЗ-ийн гишүүд хэлж байсан юм.