Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

"БЗС-гийн бүртгэл, сонгон шалгаруулалт зэргийг долоо хоногийн дотор бүрэн автоматжуулсан системд шилжүүлнэ"

П.Зоригт, IKON.MN
2023 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Өнөөдрийн хуралдаанаар нийт 46 асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн. Үүний дотор Боловсролын Зээлийн Сан (БЗС)-гийн асуудал байгааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэв. 

Тэрбээр "Цаашид сангуудын үйл ажиллагааг олон нийтэд хэрхэн нээлттэй, ил тод явуулах, ямар шударга зарчимд үндэслэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.

БЗС-гийн асуудлыг хэд хэдэн түвшинд авч үзэх хэрэгцээ, шаардлага байна гэдэг нь судалгаа, дүгнэлтээр ил тод харагдаж байна.

  • Дэлхийд дээгүүрт үнэлэгддэг сургуульд боловсрол эзэмших боломж нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд тэтгэлэг өгөх ёстой гэж үнэлж байна. Энэ үнэлгээг хувийн хэвшлийн байгууллагын процессын үйл ажиллагааг сайжруулдаг бизнесийн компани хийж гаргасан.
  • Тус сангийн зээлээр гадаад болон дотоодын их, дээд сургуульд сурахдаа амьдралын боломжгүйн улмаас зээл авч суралцах, зээлээ эргэн төлдөг байх нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх вэ гэх мэтчилэн асуудал яригдаж байна.
  • Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит "Илгээлт 2,100" тэтгэлэгт хөтөлбөрийг та бүхэн мэдэж байгаа. Үүний гол зорилгыг хангах зээл, дэмжлэг тэтгэлгийг тасалдахгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангахад БЗС-гийн үйл ажиллагаа идэвхтэй зорьж байх ёстой.  

Энэхүү зээлийн сангийн үйл ажиллагааны ил тод байдал, төрөөс тавьсан шаардлага, шалгуурыг хангасан эсэх, тухайн зээлд хамрагдсан хүмүүс нь ямар байдалтай байгаа зэрэг асуудал нь олон нийтийн анхаарлын төвд тавигдаж ирсэн гэдгийг мэргэжлийн байгууллага дүгнэсэн" гэлээ. 

"Цаашид БЗС үйл ажиллагаагаа хэвийн явуулж байх зайлшгүй шаардлагатай"

Үргэлжлүүлэн "БЗС үйл ажиллагаагаа хэвийн явуулж байх зайлшгүй шаардлагатай. Олон улсад дээгүүрт тооцогддог их, дээд сургууль болон мэргэжлээрээ шалгарсан тохиолдолд дэмжлэг, тэтгэлэг авдаг байх зарчимтай байх ёстой. 

Засгийн газрын зүгээс ямар мэргэжлээр тэргүүлэх чиглэлийн тэтгэлэг зарлаж, ямар боловсон хүчнийг бэлтгэх ёстой юм бэ гэдгийг маш тодорхой болгох шаардлага байна.

Дэлхийн топ 50, 100-н сургууль гэж зарлаж байгаа боловч тухайн сургуулиудад байгаа зарим мэргэжилтэн топ гэдэг ангилалд тооцогддоггүй тохиолдол нэлээд байна.

Жишээлбэл, Харвардын их сургуулийн Бизнесийн удирдлагын сургууль нь дэлхийд дээгүүрт тооцогддог бол зарим төрлийн мэргэжил нь топ 100-д хамрагддаггүй. Гэвч өнгөрсөн хугацаанд бид Харвардын их сургуульд тэнцсэн бол топ 100 гэж харж шийдэж иржээ. Үүнийг хувийн хэвшлийн мэргэжлийн экспертүүд дүгнэж гаргаж ирсэн.

Цаашдаа жил болгон Боловсролын тухай хуулиараа дамжуулан тэргүүлэх чиглэлийн хэрэгцээтэй мэргэжлийг тодорхойлж гаргаж, зарладаг байя.

Дэлхийн топ сургуулиудад тэнцсэн эсэх, үүн дотроо топ мэргэжилд тэнцсэн эсэхийг харж тэтгэлгийг улсаас олгох нь зөв. Ингэж олгохдоо олон нийтийн нүдэнд ил тод байх зарчмыг хангая" хэмээв. 

"Зээл, тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг иргэдийн хараа хяналт дор байлгах нь чухал"

Мөн "Өнөөдрийн байдлаар БЗС-гаас иргэд зээл, тэтгэлэг авахын тулд нийт 11 шат дамжлагыг дамжиж байгаа. Эдгээр шат дамжлагын таван процесс нь Боловсрол Шинжлэх Ухааны Яаманд, дөрөв нь БЗС-д, хоёр нь зээл олголт буюу банкны түвшинд асуудал шийдэгддэг хэлбэрээр явагдаж ирсэн.

Олон нийтэд мэдээлэх, сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх, сонгон шалгаруулах зэрэг процесс хүний хүчин зүйлээс шалтгаалж явагдаж ирсэн учраас Засгийн газраас долоо хоногийн дотор үүнийг бүрэн автоматжуулсан системд шилжүүлнэ.

Ямар нэгэн байдлаар хүний оролцоогүй, төрөөс тавьсан болзол шаардлагыг хангасан иргэн энэ шалгаруулалтад орох бүрэн боломж нөхцөлийг нь нээж өгье. Үүнтэй холбогдуулан журам, зарим хууль эрх зүйн орчинд өөрчлөлт хийе. Энэхүү сонгон шалгаруулалтыг иргэн бүрийн хараа хяналт дор байлгах нь чухал. Ингэж төрийн зээл, тэтгэлгийн дэмжлэг туслалцааг хүртдэг байх нь зөв.

БЗС-гийн үр нөлөө иргэн болгонд тэгш хүртдэг байх зарчмыг барина. Түүнээс биш гарсан алдаа дутагдал дээр үндэслээд БЗС байх ёсгүй гэж огт үзэж болохгүй.

Цаашлаад Монгол Улсын 24 сангийн үйл ажиллагааг дээрх загвараар ил тод болгоно. Хүний хүчин зүйлээс ангид байя. Нийгмийн шударга ёсыг чухалчилж баримталдаг байя"  хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нэмж хэлэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/608718011225852