Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Санхүүгийн зах зээлийн хөгжил ба иргэдийн оролцоо” сургалт, хэлэлцүүлэг Дундговь аймагт зохион байгуулагдав

ikon.mn
2023 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хороо орон нутгийн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, мэдлэг түгээх сургалт, хэлэлцүүлгийг “Санхүүгийн зах зээлийн хөгжил ба иргэдийн оролцоо” сэдвийн хүрээнд орон нутгуудад бүсчлэн зохион байгуулж байгаа бөгөөд говийн бүсийн аймгуудыг Дундговь аймгаас өнөөдөр эхлүүлж аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд нээлтээ хийлээ.  

зураг
 

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал сургалт хэлэлцүүлгийг нээж “Юуны өмнө энэхүү өдөрлөгт оролцож буй төр, хувийн хэвшлийн төлөөлөл, иргэд олон нийт та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээл, даатгал, банк бус санхүүгийн салбар, хадгаламж зээлийн хоршоо гэсэн дөрвөн салбарыг анх хариуцаж байсан бол холбогдох хуулиудад орсон нэмэлт өөрчлөлт, шинээр батлагдсан эрх зүйн орчинтой холбоотойгоор хэд хэдэн чиг үүрэг нэмэгдсэнээр өнөөдөр нийт 11 салбарын 6000 гаруй зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд зохицуулалт, хяналт тавьж ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого, зохицуулалтын багц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үр дүнд зөвхөн өнгөрсөн оны жилийн эцэст гэхэд зохицуулалтын салбарын зах зээлийн үнэлгээ, хөрөнгө ДНБ-ий 23.2 хувьд хүрсэн бол энэ он гарсаар зах зээлийн үнэлгээ 10 их наяд төгрөг буюу түүхэн дээд хэмжээнд хүрээд байна.

Санхүүгийн салбар ийнхүү өргөжин тэлэхийн хэрээр дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд ч олноор нэвтэрч, цахим техник, технологийн хөгжил ч эрчтэй явагдаж, дижитал технологид суурилсан финтек бүтээгдэхүүн, үйлчилгээ өргөнөөр дэлгэрснээр иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, стандарт ч түүнийг дагаад хөгжиж байна.

Гэхдээ олон тулгуурт санхүүгийн салбарыг хөгжүүлэх энэ үйл хэрэгт зөвхөн бодлого боловсруулагчид бус дэд бүтцийн байгууллагууд, үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчид, иргэд олон нийтийн оролцоог дэмжиж, итгэлийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой. Ялангуяа иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх замаар санхүүгийн залилан, луйвар, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх, Монгол хүн бүрийг санхүүгээ ухаалгаар төлөвлөж, удирдахад хүртээмжтэй, мэргэшсэн үйлчилгээгээр хангах цогц тогтолцоог бүрдүүлэх нь чухал юм.

Энэ зорилгоор манай хамт олон салбарын байгууллагуудын хамтаар хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, үйл ажиллагаа болон шинээр батлагдан мөрдөгдөж буй хууль журмынхаа талаар танилцуулахын зэрэгцээ салбартаа гарч буй өөрчлөлт, шинэчлэлт, шинэлэг мэдээ мэдээллээр мэдлэг, зөвлөгөө өгөхөөр энэ удаад Мандалговь хотноо зохион байгуулж байна” гэдгийг онцолсон юм.  

зураг
 

Сургалт, хэлэлцүүлгийн үеэр Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийн бодлого зохицуулалт, өнөөгийн нөхцөл байдал, зохицуулалтад шинээр ороод буй мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хууль эрхзүйн орчин, зах зээлийн нөхцөл байдал мөн даатгалын салбарын хууль эрхзүйн орчны шинэчлэлт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, иргэд, олон нийтэд тулгардаг нийтлэг асуудал, санхүүгийн залилан, луйвраас хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл хүргэж, иргэдийн санал асуултад хариулт өглөө.

Түүнчлэн Хаан банкны Цахим банк хариуцсан захирал Ч.Чинболд банкны өнөөгийн болон цаашдын үйл ажиллагаа, нөхцөл байдал, орон нутгийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээнийхээ талаар, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ төрийн өмчит компаниудын хувьчлалын үйл ажиллагаа, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар тус тус мэдээлэл хүргэж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

зураг
 

Мөн хамтран оролцогч байгууллагууд болох Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, банк, үнэт цаас болон даатгалын компаниуд, банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, иргэдэд үнэт цаасны данс нээх, хэрхэн хувьцаа эзэмшигч болох, банкуудын хувьцаа гаргалтад оролцох боломжийг бүрдүүлэхэд зөвлөгөө мэдээлэл өглөө.  

“Санхүүгийн зах зээлийн хөгжил ба иргэдийн оролцоо” сургалт хэлэлцүүлэг энэ сарын 08-нд Өмнөговь аймгийн Нутгийн удирдлагын ордонд болно.   

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо