“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлт зургаадугаар сарын 3-нд зохион байгуулагдсан.
Энэ үеэр марафонд оролцогчдод дугаар олгохдоо ялгаатай хандсан, дарга нар гүйхдээ хүртэл азын дугаар авч байна гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөсөн юм.
Тэгвэл тухайн дугаарыг ямар журмаар олгосон талаар Нийслэлийн биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболдоос тодрууллаа.
Энэ талаар "Тухайн үйл ажиллагааг зохион байгуулж буй хүмүүст бэлгэдэл болгож дугаар өгсөн. Бид ямар ч үйл ажиллагааг хүндэтгэлтэй байхаар зохион байгуулдаг.
Жишээлбэл марафон зохион байгуулах ажлын хорооны даргаар З.Төмөртөмөө ажилласан. Хүн болгонд азын тоо гэж байдаг шүү дээ. Иймд өөрөө долоогийн тоонд дуртай гэхээр нь 07777 дугаарыг өгсөн. Энэ дотор 0 гэдэг чинь өөрөө бас нэг орон. Таван оронтой дугаарт азын тоо гэж юу байх вэ.
Тухайлбал хотын даргад 0001 гэсэн дугаарыг өгсөн. Тухайн үед хотын дарга гэмтлийн улмаас гүйх боломжгүй байсан учраас эрүүл мэндийн гүйлт гэж нэрлэдэг 0001 дугаарыг түүнд хуваарилсан" гэлээ.
Мөн тэрбээр "Хөгжлийн садаа болохооргүй хоёрын хооронд ийм асуудлыг хөөцөлдөхөө болих хэрэгтэй. Тэр ажлыг зохион байгуулж буй хүмүүстээ би өөрөө дугаар хуваарилсан. Миний хувьд дандаа бэлгэдэл бодож асуудалд ханддаг. Тиймээс бэлгэдлээ бодоод ажлын хэсгийн ахлагчид ийм дугаарыг өгөхөөр болсон.
Сошиалд тавигдсан зарим мэдээг уншсан чинь "номерыг хүртэл хуваагаад идчихдэг" гэж бичсэн байна лээ. Энэ асуудлыг зөв өнцгөөс нь харах хэрэгтэй. Үүнийг олон түмэнд зөв ойлгуулах хэрэгтэй байгаа юм" хэмээн тайлбар хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
90 СЭТГЭГДЭЛТЭЙ
|