Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батзаяа: Ходон гол дээр далан байгуулж, урсгал чиглүүлэх суваг хийснээр ширгэсэн Цойцон нуурт ус цутгаж эхэлсэн

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

1971 оны их үерийн улмаас Ходон голын голдирол өөрчлөгдөж, Дархадын хотгорын бүлэг нуурын эко систем алдагджээ. Тухайлбал Ходон голоос эх авдаг Дөрөө, Цойцон нуур ширгэсэн байна. Харин 40 орчим жилийн дараа буюу өнгөрсөн оны есдүгээр сард Цойцон нуурыг инженерийн шийдлээр сэргээжээ. Энэхүү нуурыг хэрхэн сэргээсэн талаар мэргэжилтнүүд яриаг хүргэж байна.

"Хөвсгөл аймгийн гурав дахь том нуур Цойцон нуурын ус ширгэснээс ойр орчимд мал бэлчих боломжгүй болж, цөлжиж, чийггүй болсон. Нутгийн иргэд нуураа сэргээх хүслийг олон жил тээж явсан юм билээ" хэмээн Монгол улсын зөвлөх инженер Ш.Ганзориг ярив.

Цойцон нуурыг сэргээх ажлыг Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын захиалгаар "Престиж инженеринг" компани болон ШУА-ийн газарзүй, геоэкологийн хүрээлэн хамтран 2021-2022 онд гүйцэтгэжээ.

Энэ талаар "Престиж инженеринг" ХХК-ийн ахлах инженер Б.Батзаяа "2021 онд зураг төсөл, хайгуул, судалгааны ажил хийгээд Хотон гол дээр инженерийн шийдлийн дагуу 403 метр далан байгуулж, урсгал чиглүүлэх хоёр суваг хийсэн. Үүний дараа Цойцон нуур руу Ходон гол үндсэн голдирлоороо 10.6 километр урсаж, нуураа усаар тэжээж эхэлсэн.

Цойцон нуур сэргэснээр 35 сая метр.куб усыг нөөцөлж, тухайн орчинд амьдардаг иргэдэд чухал ач холбогдолтой болж байна. 

Орон нутгийнхны зүгээс нуур дээр барьсан далан, сувгийг жил бүр сэргээх үйлчилгээний ажлуудыг хийж байх шаардлагатай" гэв.

Ходон гол үндсэн голдирлоороо урсаж эхэлснээр Цойцон нуурыг нөхөн сэргээхээс гадна Дархадын хотгорын цэвдгийн алдагдал буурч, цөлжилтийг сааруулан Буянт голын эко систем сэргэх нөлөө үзүүлжээ.