Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Apple WWDC 2023: Өнгөрсөн шөнө танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүд

Р.Түвшин, iKon.mn
2023 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн технологийн тэргүүлэгч Apple компанийн жил тутмын хөгжүүлэгчдийн чуулган WWDC 2023 (Worldwide Developers Conference) өчигдөр эхэлж, цоо шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.

Энэ үеэр сүүлийн найман жилийн хугацаанд анх удаа шинэ төхөөрөмж танилцуулсан нь Vision Pro бодит ба хийсвэр орчныг холбогч толгойн өмсгөл байсан юм.

Үүнээс гадна 15 инчийн дэлгэцтэй MacBook Air зөөврийн компьютер, M2 Ultra шинэ процессороор тоноглогдсон Mac Studio, Mac Pro ширээний компьютерууд болон үйлдлийн системийн шинэ хувилбаруудаа танилцуулсан байна.

Ингээд шинэ бүтээгдэхүүнүүдтэй дэлгэрэнгүй танилцъя.

 

Apple Vision Pro

Ирэх оны эхээр $3,499 үнэтэй худалдаанд гарах Apple Vision Pro нь тус компанийн шинэ visionOS системийн тусламжтайгаар хэрэглэгчдийг бодит болон хийсвэр холимог орчинд аваачих зориулалттай төхөөрөмж юм.

Шинэ төхөөрөмжид Apple өөрийн M2 болон шинэ R1 чипүүдийг ашиглажээ.

Төрөл бүрийн аппликэйшнийг нүдэндээ зүүсэн төхөөрөмжөөр харж, гараар болон дуу хоолойгоор удирдаж болохоос гадна Magic Keyboard, Magic Trackpad гар болон хулганатай холбон ажиллаж болох юм байна.

Өөрөөр хэлбэл Mac компьютерынхоо дэлгэцийг өөрийн хийсвэр орчинд шилжүүлэн ажиллаж болно гэсэн үг.

Vision Pro төхөөрөмжийг 23 сая цэгийн нягтралтай ultra-HD дэлгэцээс бүтсэн нүдний шил гэж ойлгож болно.

Бүрэн цэнэглэсэн тохиолдолд тасралтгүй 2 цаг ажиллах батарейтайгаас гадна нэмэлт батарей холбох боломжтой байх ажээ.

Уг бүтээгдэхүүнийг худалдаанд гарахаас өмнө visionOS системийг улам сайжруулж, аппликэйшний арвин сантай болох зорилготой байгаагаа Apple мэдээлсэн байна.

зураг
 
зураг
 

 

15 инчийн дэлгэцтэй MacBook Air

Шинэ загвар нь MacBook Air зөөврийн компьютерын хамгийн том хэмжээг шинэчлэн тогтоож байна. Өмнөх хамгийн том загвар 13.6 инч хэмжээтэй байсан бол үүнийг 1.7 инчээр ахиулж, 15.3 инч болгожээ.

11.5 мм зузаан, 1.3 кг жинтэй шинэ MacBook Air нь том дэлгэцтэйгээс гадна зургаан чанга яригч, 24GB хүртэл нэмэх боломжтой санах ой, 2TB хүртэл нэмэх боломжтой хадгалах байгууламж, чихэвчний оролттой юм байна.

Мөн 1080p камер, M2 процессор, 18 цаг ажиллах багтаамжтай батарейгаар тоноглогджээ.

Гэхдээ өмнөх 13.6 инчийн загвартай дэлгэцийн нягтрал нь ижил юм байна.

Дөрвөн өнгөний сонголттой 15 инчийн MacBook Air загвар $1,299-өөс эхлэх үнээр долоо хоногийн дараа худалдаанд гарах гэнэ.

зураг
 
зураг
 

 

M2 Ultra чиптэй Mac Studio, Mac Pro

Apple компани өчигдөр бас шинэ M2 Ultra чипээр хүчирхэгжсэн Mac Studio, Mac Pro ширээний компьютерын загваруудаа танилцуулжээ.

Ингэснээр өмнөх M2 Max чиптэй загваруудаас хоёр дахин илүү хүчин чадалтай болж байгаа юм байна.

Шинэ Mac Studio загвар $1,999, шинэ Mac Pro загвар $6,999 эхлэх үнээр ирэх долоо хоногт худалдаанд гарах ажээ.

зураг
 
зураг
 

 

iOS 17 үйлдлийн систем

Apple компани өчигдөр бас зөөврийн төхөөрөмжүүдийн iOS үйлдлийн системийнхээ 17 дахь хувилбарыг танилцууллаа.

iOS 17 хувилбар ирэх намар шинэ iPhone загвартай зэрэг зах зээлд нэвтрэх юм.

Шинэ хувилбарт утасны дуудлагыг илүү гоё харагдуулах Contact Posters хэмээх шинэ боломж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл iOS 16 дээр цоожтой дэлгэцээ өөрийн хүслээр өөрчилж болдог болсон шиг хэн нэгний контактыг бас ингэж өөрчилж болох юм байна.

зураг
 

Үүнийгээ шинэ NameDrop функцийн тусламжтай бусадтай хуваалцах боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл нэрийн хуудсаа солилцож байгаа мэт iPhone хооронд үүсгэсэн контактаа дамжуулах юм.

iOS 17 хувилбарын бас нэг чухал боломж нь Standby горим болжээ. Гар утсаа цэнэглээд хэвтээ байрлалд тавьсан тохиолдолд энэ горимд шилжих юм. Энэ үед iPhone-ий дэлгэц ширээний цаг, гэрэл зургийн жааз зэргээр ашиглагдах боломжтой болох ажээ.

зураг
 

Мөн гар утсаа автомат хариулагч болгох Live Voicemail, видео дуудлагыг бичиж авдаг FaceTime, Check In хийдэг Messages зэрэг шинэ боломжуудыг нэмсэн байна.

 

Эх сурвалж: Tech Insider